Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлыг танилцууллаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-09 07:41:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас Улаанбаатар хотын зарим байршилд барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлыг танилцуулж байна.


Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулахыг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах хүртэл хугацаанд түр зогсоогоод байгаа.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон доорх схем зурагт үзүүлсэн байршилд шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар заасан юм.


Захирамж гарахаас өмнө эхэлсэн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл болон улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлнэ.


Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  боловсруулан батлуулахаар болсон. Үүнтэй уялдуулан нийслэлийн төвийн бүс болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах  зөвшөөрлийг шинээр олгохыг хориглоод байгаа билээ. 


Холбоотой мэдээ