Дархан-Уул, Орхон аймгийн өвлийн бэлтгэлтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-03 08:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймгийн 2021-2022 оны өвлийн бэлтгэлтэй танилцав.


Энэ үеэр “Дулаан шарын гол” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн энэ оны их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын үйл ажиллагааг шалган, үнэлэлт дүгнэлт, үүрэг даалгавар өглөө.


“Дулаан шарын гол” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Ажлын хэсгийнхэн дуусаагүй ажлаа богино хугацаанд хийх, “ДСЦТС” ХХК-тай холбоотой цахилгааны өр төлбөрийг богино хугацаанд холбогдох байгууллагад асуудлыг тавьж шийдэхийг даалгажээ.


Түүнчлэн, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө 80.1 хувийн гүйцэтгэлтэй байв. Станцын санхүү эдийн засгийн байдалтай танилцаад, өр, авлага нэмэгдэж, зарим зардал хэтэрсэнийг анхаарч, жилийн эцэст өр авлагыг багасгахыг сануулав.  Станцын цех, нэгжийн удирдлагуудтай уулзан тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэн, санал сэтгэгдлийн сонсож холбогдох асуудалд анхаарахыг үүрэг болгожээ.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бэкболат, тус газрын шинжээч Д.Мөнхжаргал, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Давааням, “ДҮТ” ТӨХХК-ийн хяналтын инженер Б.Хурцбаатар ажиллаж байна.



 

Холбоотой мэдээ