БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-29 11:08:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдоржийн томилолтын хугацаа дуусаж эх орондоо буцах болсонтой холбогдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук өчигдөр түүнийг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо. Талууд Монгол, Вьетнамын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг дурдаад, хоёр талын харилцааны түвшинг ахиулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирчээ.


Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа бүхий л түвшинд хамтын ажиллагааг сэргээхээр ярилцав. Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр хоёр улсын хооронд тээвэр ложистикийг шийдэх шаардлагатай байгааг Вьетнамын тал онцлов. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Д.Билэгдоржийн оруулсан хувь нэмрийг Ерөнхийлөгч Нгуен Суан Фук өндрөөр үнэлээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.


Үүнээс хэд хоногийн өмнө Элчин сайд Д.Билэгдоржийг Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву хүлээн авч уулзан, хоёр улсын хооронд зорчигч, ачаа тээврийн шууд нислэгтэй болох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ үеэр Вьетнамын тал Монголын талаас дээд түвшний айлчлалыг ирэх жил хэрэгжүүлэхийг санал болгосныг Монгол Улсын Гадаад харилцааны яам мэдээлэв.

Холбоотой мэдээ