Байденыг огцрохыг шаардсаны хариуд терроризмын эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-08-27 16:21:18

ВАШИНГТОН. /RT/. Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн Кабулд үйлдсэн халдлагатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулахыг шаардсаны хариуд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки терроризмын эсрэг тэмцэлд нэгдэхийг америкчуудад уриалжээ.


Пүрэв гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сөрөг хүчний шаардлагын талаар тайлбар хийхийг Псакигаас хүсжээ. “Өнөөдөр АНУ-ын цэргүүд террористуудын гарт амиа алдлаа. Өнөөдөр улс төр хийх цаг нь биш бөгөөд эдгээр террористуудыг хаана ч байсан хайж олох, тэдэнтэй тэмцэх, тэднийг устгах бидний амлалтыг хуваалцахыг америк хүн бүрээс хүсэн хүлээж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хариулсан байна.


Өмнө нь Бүгд Найрамдах намын нөлөө бүхий гишүүд, хууль тогтоогчид Байденыг огцуулах эсвэл түүнд импичмент зарлахыг шаардсан байна. Бүгд найрамдахчууд Афганистаны нийслэлд халдлага гарсны хариуцлагыг Байден хүлээх ёстой гэж үзэж байгаа юм.


Пүрэв гарагт амиа золиослогч террористууд Кабулын нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт үйлдсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас 103 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд АНУ-ын 13 цэрэг байсан байна.


Холбоотой мэдээ