Г.Занданшатар: Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-25 09:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын явцтай энэ сарын 24-нд танилцав.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолын хүрээнд УИХ 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас 12 хуулийг батлаад байгаа юм. Үндсэн хуулийн хүрээнд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, чадахуйн зарчимд суурилж сонгон шалгаруулах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага үүссэн. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх хоёр хуулийн төслийг боловсруулж буй юм.


Өнгөрсөн 100 жилийн нийгмийн байгууллын өөрчлөлтийн явцад ард иргэдэдээ үйлчлэх төрийн үндсэн зарчим задарч, төрийн дунд, доод шатанд ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсан талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад олон нийтээс ихээхэн шүүмжлэл ирсэн байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг батлахын өмнөх анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын үеэр төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг Үндсэн хуулиар бий болгох шаардлагатай гэдэгт оролцогсдын 94.5 хувь санал нийлжээ. Ард түмний энэ хүсэмжлэлд нийцүүлэн дээрх хоёр хуулийн төслийг боловсруулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм.


Хуулийн төслүүдийг боловсруулахдаа нэн тэргүүнд монгол хүний ёс суртахууны өөрчлөлтийг судалж, үүнд тулгуурлан хэм хэмжээг тогтоох ёстойг дурдаад, "Ёс зүй, сахилга, хариуцлагын асуудал төрийн бүх шатанд тус тусын зохицуулалттай явж ирсэн ч нийтлэг хэм хэмжээ болж чадаагүй тул сайн туршлагуудыг судалж, хуульчлах нь зүйтэй. Ийнхүү төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагын хэм хэмжээг мөрдүүлж, систем болгон бүрдүүлснээр нийгэмд үлгэр дуурайлал болж, нөлөөлөл үзүүлэх ач холбогдлыг нь ухамсарлаж, төслийг боловсруулахдаа анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээв.


Төрийн чадварлаг албыг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар шилдгүүдийг олох ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй сонгон шалгаруулалтууд нь хангалтгүй гэдэг шүүмжлэл, гомдол ирдэг байна. Бусад улс оронд сонгон шалгаруулалт, хүний нөөц, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлдэг яамтай байдаг аж. Их, дээд сургуулиас шилдэг оюутан, суралцагчдыг сонгон шалгаруулж, бодлогоор мэргэшүүлэн бэлтгэдэг, улмаар чадахуйд суурилсан зарчмаар дэвшүүлэн ажиллуулснаар Азийн эрх зүй хэрэгжих боломжтойг УИХ-ын дарга дурдлаа.


Тэрбээр, "Ард түмэндээ үйлчилдэг, төрийн төлөө зүтгэдэг, улс орны хөгжлийн үндэс болдог төрийн алба, төрийн албан хаагчидтай болох зорилготой. Төрийн албаны реформ нь улсын хөгжлийн суурь гэдгийг ухамсарлаж, бодлогын дорвитой өөрчлөлтийг хийж, шинэчлэл хэрэгжүүлэхээр ажиллаарай. Ард түмэн бидэнд үнэмлэхүй итгэл үзүүлсэн. Бид илүү их зүтгэлээр хариулах ёстой. Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс юм. Гэхдээ хүнийг нь өөрчил гэсэн үг биш. Үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, бодлого, зохицуулалтыг нь өөрчлөн шинэчилж, төрд ажиллаж байгаа албан хаагч бүр аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш Монгол төрийн төлөө зүтгэдэг, Монгол хүн бүрд үйлчилдэг болж хөгжүүлэх үндэс нь Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулиуд байх болно” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат төрийн албаны хаагчийн ёс зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд болон хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газар батлах ба төрийн улс төрийн, тусгай албан хаагчийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжоор тогтоохоор Төрийн албаны тухай хуульд заасан байна. Гэвч нийт төрийн албан хаагчид хамаарах нийтлэг зохицуулалт дутагдаж байгааг судалгаагаар тогтоосон байна. Улс төрийн албан хаагчид баримтлах ёс зүйн хэм хэмжээ, зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцаа ойлгомжгүй, тодорхойгүй, нийтлэг ёс зүйн дүрэмгүй байгаас үр нөлөө багатай байгаа аж. Мөн төрийн захиргааны ба үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн зөрчилд уучлалт гуйх, сануулах хоёр төрлийн хариуцлага хүлээдэг байна. Харин төрийн тусгай албанд мэргэжлийн онцлогоос шалтгаалсан хариуцлагын төрлүүд үйлчлэх зэрэг харилцан адилгүй байгаагаас гадна ёс зүйн хариуцлага, ажил мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцлагыг ялгаж зааглах, ёс зүйн хариуцлагад хүлээлгэх хариуцлагыг бодитой тодорхойлох шаардлага үүссэн гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга дурдаж байв.


Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм хангалттай байдаг хэдий ч түүнийг мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байдаггүй. Төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө багатай, мөрдүүлэх зохицуулалт сул байгаа учир ёс зүй, сахилгын асуудлыг нийтлэг байдлаар, нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуультай болох шаардлагатай байгаа аж. Иймд төрийн албанд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албан хаагч нь ард түмэндээ үйлчилж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг чандлан биелүүлэх соёлыг төлөвшүүлж, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Нийт 8 бүлэг 27 зүйлтэй уг хуулийн төслийг боловсруулахдаа бусад улс орны жишиг, сайн туршлагуудыг судалж, ёс зүйн хэм хэмжээ, зөрчил, хариуцлагын талаарх суурь ойлголтын нэр томьёоны тайлбарыг нэгтгэсэн байна. Энэ хуулиар төрийн бүх албан хаагчийн ёс зүйн нийтлэг асуудал хамаарах ба улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагчид нэгэн адил үйлчлэх хэм хэмжээ, сахилгын нийтлэг шаардлагыг тогтоох юм. Төсөлд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гарсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх Ёс зүйн хороо болон Зөвлөл ажиллана. Тэдгээр нь иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил үйлдсэн эсэхийг шалган, тогтоож, дүгнэлт гаргах, зөрчил гаргасан гэж үзвэл хариуцлага хүлээлгэх талаар томилох эрх бүхий албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэх эрх хэмжээтэй байх аж. Төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллагад албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих зөвлөл ажиллах ба байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ажиллана.


Ёс зүйн хороог Улсын Их Хурлаас байгуулна. Хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилдог төрийн захиргааны болон тусгай албан тушаалтны ёс зүйн асуудалд хяналт тавина. Ёс зүйн хороо нь төрийн зарим өндөр албан тушаалтны ёс зүйн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх тул өндөр ёс суртахуунтай, нэр хүндтэй, төрийн албаны мэдлэг туршлагатай, ял шийтгэлгүй хүн байхаар төсөлд тусгажээ. Тус хороо 9 гишүүнтэй байх ба 1 гишүүн нь Төрийн албаны зөвлөлийн дарга, бусад 8 гишүүнийг УИХ-ын холбогдох Байнгын хороо, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, УИХ томилно.


Төрийн улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлогийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, бүх шатны шүүгч, прокурорын ёс зүйн асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. Шүүгч, прокуророос бусад албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний зохицуулалт, хяналт тавих асуудлыг холбогдох хуулиудад тусгаагүй, бүрхэг, эсхүл хэт ерөнхийлөн заасан тул сахин мөрдөх ёс зүйн тусгай хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг холбогдох хуулиудад нэмж тусгах шаардлагатай хэмээн үзсэн байна.


Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хуулиар, сахилгын зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Төрийн албаны болон бусад хуулиар зохицуулна. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхой болгож, ёс зүйн зөрчилд хүлээлгэх шийтгэлийн төрлийг тогтооно. Албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх зорилгоор албан тушаалаас сайн дураар огцорч ёс зүйн хариуцлага хүлээх боломжийг заах аж.


Үргэлжлүүлтэн тэрбээр Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Төрийн жинхэнэ албанд чадахуйн зарчимд үндэслэн тусгай мэдлэг, чадвар, чадамж бүхий иргэдийг шилж олох, сонгон шалгаруулах зарчмыг баримтлах зохицуулалт тусгажээ. Одоогийн буюу ажилласан жил, туршлагыг үндэслэдэг байдлыг өөрчилж, хувь хүний төлөвшил, хандлага, чадвар, чадамжийг тодорхойлж, шилж сонгох бололцоог бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хүний нөөцийн тусгай хэрэгцээг тодорхойлж бүрдүүлэхдээ төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг алдагдуулахыг хориглох, албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халах, чөлөөлөхийг, төрийн байгууллагын бүтэц, орон тоог үндэслэлгүйгээр өөрчлөхийг, тодорхой этгээдэд зориулж хүний нөөцийн тусгай хэрэгцээг тодорхойлохыг хориглохоор төсөлд тусгасан байна.  

Төслүүдийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы эхэнд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг УИХ-ыны гишүүн Ж.Мөнхбат гишүүн танилцуулаад, төрийн албаны нэр төр, ёс суртахууныг жишиг болгох, сонгон шалгаруулж, шилж бүрдүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлдэг болоход бүх талаас хамтран ажиллахыг уриаллаа.

Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг төрийн албаны шинэтгэлийн талаар танилцуулав. Тус зөвлөлөөс 20 зорилт, 78 үйл ажиллагаа, 91 ажил төлөвлөсөн байна. Монгол Улсад 4147 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт төрийн албан хаагчдын 32 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол удирдах албан тушаалын 7 хувьд эмэгтэйчүүд ажиллаж байгаа гэв. Насны ангиллын талаарх тоон мэдээллийг мөн танилцуулав. Төрийн нийт албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн иргэд байгаа, энэ хэрээрээ өөрчлөлт ажиглагдаж байгааг хэлж байлаа.


Хүний нөөцийн системийн өөрчлөлт хийж байгаа бөгөөд бүх шатны төрийн байгууллагууд нэгдсэн системд холбогдсон байна. Үүнийгээ цалингийн системтэй холбогдож, хууль бусаар томилогдсон бол зөрчилтэй тэмдэглэгдэх, мөн эрх ашгийн зөрчилтэй бол систем цалинг зогсоох гэх зэргээр төрийн албаны шинэтгэл эдийн засгийн агуулгатай байх нөхцөл бүрдээд байгаа талаар Б.Баатарзориг дарга танилцуулсан.   

Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн үндсэн концепц нь оюуны өндөр чадавхтай, цогц чадамжтай, бүтээмж өндөртэй, нарийн мэргэжил, мэргэшилтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгон шалгаруулж авах гэж тодорхойлогдсон гэдгийг тэрбээр хэлж байв. Төрийн албаны зөвлөл төрийн албаны хүний нөөцөд 8000 гаруй бүртгээд байгаа, энэ нөөцийг хувийн хэвшлийн байгууллагууд ч ашиглах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж ирсэн гэдгийг хэллээ. Тиймээс энэ чиглэлийн харилцааг зохицуулах шаардлага бий гэв.


Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслөөр зөвхөн төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдыг сонгон шалгаруулах хязгаарлалттай байгааг өргөжүүлэх, улс төрийн албан хаагчид болон төрийн албаны 62 хувийг эзэлж буй төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулах гарцыг эрэлхийлж байгаагаа танилцуулсан. Төрийн албаны зөвлөлөөс хуулийн төслүүдийн боловсруулалттай холбогдуулан ажлын баг байгуулж, төрийн 83 байгууллагаас санал авч, нэгтгэжээ. 761 тусгайлсан санал ирсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн хуулийн төслийг боловсруулж буй ажлын баг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр ажиллаж байгаа талаараа мэдээлсэн.

Төслийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шатанд хяналт тавьдаг, гарцаагүй хэрэгждэг байх механизмыг бүрдүүлэхгүй бол бодлогын түвшинд хийсэн шийдэл, шинэчлэл, дэвшил дунд шатандаа “нурж, гацдаг”. Тэдгээрт хариуцлага тооцдог систес байхгүй учраас өнөөдрийн байдалд хүрээд байгаа тул төслийн боловсруулалтдаа эдгээрийг онцгой анхаарах ёстой" гэв.


Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төрийн албаны тухай хуулийн заалтуудтай давхардсан зохицуултууд төсөлд тусгасан байгааг анхаарууллаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонгон шалгаруулалтад хүйсийн тэгш эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалт тусгахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар, "Одоо байгаа төрийн албан хаагчдын “дарга” гэсэн сэтгэлгээг өөрчилж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа “үйлчлэгч” гэдгийг ухамсарлуулах, сэтгэлгээний өөрчлөлтийг төлөвшүүлэхийн чухал. УИХ-ыг ард түмний сонголтоор байгуулдаг, ард түмний сонгосон УИХ-аас Засгийн газар байгуулдаг. Тэр Засгийн газар яам, харьяа байгууллагуудынхаа албан хаагчдыг бүрдүүлдэг гээд харахаар төрийн бүх албан тушаал, эрх мэдэл ард түмнээс сурвалжтай. Үүрэг нь иргэнд үйлчлэх. Энэхүү үндсэн, ардчилсан нийгмийн үзэл санааг энэ хуулиар нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг мөрдүүлэх зорилт тавьж байна” гэлээ. Түүнчлэн суурь хуулиуд, эрх зүйн зохицуулалтыг хэчнээн чамбай хийсэн ч процессын хуулиудаа тодорхой, зайлшгүй биелэгдэхээр зохицуулалтууд тусгаагүйгээс олон алдаа гардаг болохыг хэлж, төслүүдийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы эхэнд өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон юм.

Холбоотой мэдээ