Академич П.Хорлоогийн нэрэмжит сургуулийг "Алтангадас" одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-23 13:45:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангайн анхдагч сургуулиудын нэг болох Академич П.Хорлоогийн нэрэмжит, “Аймгийн тэргүүний 2 дугаар сургууль” нь өнөөдөр төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулж байна.

1923 онд Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээр хошуунд нэг баг, нэг ажилтан, 31 сурагчтайгаар анх байгуулагдсан тус сургууль энэ хичээлийн жилд 150 багш, ажилчид, 78 бүлгийн 2400 гаруй сурагчидтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Энэ сургууль зөвхөн Өвөрхангайн төдийгүй Монгол Улсын боловсролын түүхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм байна гэдгийг сургуулийн танилцуулгаас бодож суулаа” хэмээгээд үе үеийн захирал, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ. Мөн шинэ хичээлийн жилд тавьж буй бодлого, зорилт, онцлох ажлуудаас мэдээлэл өгсөн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболдтой хамтран сургуулийн мэдээлэл зүйн танхимыг иж бүрнээр тохижуулж өгч байгаагаа мэдэгдлээ.

Энэ үеэр тус сургуулийн шилдэг багш нарыг шагнан урамшуулж, ахмад багш нар чин сэтгэлийн үгсээ хуваалцсан юм. Өвөрхангай аймгийн боловсролын салбарын түүхэнд энэ нь хоёр дахь удаагийн томоохон шагнал бөгөөд 2016 онд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.   

Холбоотой мэдээ