Өрхийн сарын дундаж бодит орлого 2.5 хувиар багаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-23 11:42:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 58.1 (3.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 92.8 (6.4 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.


Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ энэ оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.4 (2.5 хувь) мянган төгрөгөөр багасаж, харин өмнөх улирлынхаас 27.8 (2.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.


Өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх улирлынхаас 2.5 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 64.5 (22.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2021 оны хоёрдугаар улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 66.1 (4.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 190.4 (70.1 хувь) мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 12.8 (10.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.  Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлынхаас 95.9 (7.2 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 100 (27.6 хувь) мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 25.7 (24.2 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.


Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 9.6 нэгж, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.5 нэгж, бусад орлогын эзлэх хувь 1.8 нэгж хувиар багасаж, харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 12.4 нэгж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 0.5 нэгж хувиар нэмэгдсэн аж.


Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэхэд энэ оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 20.4 мянгаар, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 2.4 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 0.8 мянгаар багассан бол 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 5.1 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 2 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 1.7 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 8 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 9.5 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 8.8 мянгаар нэмэгдэв.


Улсын хэмжээнд 2021 оны 2 дугаар улирлын байдлаар сард 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 7.6, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 71.2, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 11.7, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.1, бусад орлого 7.4 хувийг эзэлж байна.


Мөн сард 1.6 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзэхэд цалин хөлсний орлого 55.6, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 20.1, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 8.9, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 6.1 хувь, бусад орлого 9.3 хувийг эзэлжээ.



Өрхийн сарын дундаж нийт зарлага 4.3 хувиар багаслаа

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 65.7 (4.3 хувь) мянган төгрөгөөр багасаж, харин өмнөх улирлынхаас 16.7 (1.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.


Нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ энэ оны 2 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 124.8 (10.1 хувь) мянга, өмнөх улирлаас 29.4 (2.6 хувь) мянган төгрөгөөр багасав.Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 35.7 (5.1 хувь) мянган төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр энэ оны 2 дугаар улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 57.7 (4 хувь) мянган төгрөгөөр багасаж, харин өмнөх улирлынхаас 19.8 (1.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдлээ. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар багасахад хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 84.3 (8.6 хувь) мянган төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 3.2 нэгж, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлагын эзлэх хувь 0.1 нэгж хувиар багасаж, харин хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 2.8 нэгж, бусад зарлагын эзлэх хувь 0.5 нэгж хувиар нэмэгдэв.


Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 36.9 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 22.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 12.2 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.8 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал, 3.7 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлж байна.


Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 11.7 хувийг бэлэн хувцас, гутал, 8.8 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ, 6 хувийг харилцаа холбооны үйлчилгээ, 5.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 5.1 хувийг боловсролын зардал эзлэв.


Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2021 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 0.6 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 6.6 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 10.2 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 5.6 мянгаар багассан бол, 300-500 мянган төгрөгийн зарлагатай өрх 3.7 мянгаар, 500-700 мянган төгрөгийн зарлагатай өрх 8.5 мянгаар, 700-900 мянган төгрөгийн зарлагатай өрх 15.1 мянгаар, 900.0- 1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 4.9 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн зарлагатай өрх 2.3 мянгаар нэмэгдсэн байна.


Улсын хэмжээнд 2021 оны 2 дугаар улирлын байдлаар сард 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүний зарлага 34.9, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 47.7, бусад зарлага 14.9, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 2.5 хувийг эзэлж байна.


Мөн сард 1.6 сая төгрөгөөс дээш мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүний зарлага 20.8, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 71.4, бусад зарлага 6.3, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.5 хувийг эзэлжээ.

Холбоотой мэдээ