Монгол, Словени улс Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх хэлэлцээр байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-20 13:44:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газрын хэлэлцээр байгууллаа.


Тодруулбал, тус хэлэлцээрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Словенийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Станислав Рашчан нар энэ сарын 18-нд Любляна хотноо гарын үсэг зурсан байна.


Монгол, Словенийн худалдааны эргэлт өнгөрсөн онд 14.6 сая ам.доллар байсан бөгөөд хэлэлцээрийг байгуулснаар улс хоорондын тээвэрлэлтийн төрөл өргөжиж, Монгол, Словени хооронд шууд тээвэрлэлт үйлдэн худалдааны эргэлтийг өсгөх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм.


Ташрамд дурдахад, Шенгений бүсэд хамрагддаг Словени Улс нь 2.1 сая хүн амтай бөгөөд Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орон юм.

Холбоотой мэдээ