БНСУ Монголд 300 мянган ам.долларын үнэ бүхий оношлуур хандивлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-18 10:56:05

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ цар тахлын эсрэг хамтын хүчин чармайлт гаргах, бүс нутгийн орнуудынхаа дунд эмнэлгийн хэрэгслийн нөөц бий болгох, хуваалцах төслийнхөө хүрээнд Монгол Улсад 300 мянган ам.долларын үнэ бүхий коронавирусний оношлуур хандивлалаа гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлэв.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хоёр талын зохион байгуулсан “COVID-19”-ийн оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.


Ирээдүйд тохиож болзошгүй эрүүл мэндийн онцгой байдлын эсрэг хариу арга хэмжээ авахад хувь нэмрээ оруулах эмнэлгийн хэрэгслүүдийн олон талын нөөцийг бий болгох ажлын туршилтын хүрээнд ийнхүү оношлуур хандивлаж буй юм. Сөүлийн засаг захиргаа Зүүн Хойд Азийн хөрш орнууддаа энэхүү саналыг өнгөрсөн тавдугаар сард тавьсан билээ.


“Энэхүү тусламжаар дамжуулан хамтын нөөцийн схемийг байгуулах эхлэлийг тавьж буй нь Зүүн Хойд Азийн эрүүл мэндийн аюулгүй байдлын санаачилгыг бодитой хөгжүүлэх алхам болно хэмээн найдаж байна” гэж Элчин сайд Ли Ё Хун оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр хэлснийг Гадаад хэргийн яам уламжилжээ.


Үүний хариуд С.Энхболд, ийнхүү тусламж үзүүлсэн БНСУ-ын Засгийн газарт талархал илэрхийлээд, бүс нутаг дамнасан эрүүл мэндийн аюулгүй байдлыг хөгжүүлэхийн төлөөх Сөүлийн хүчин чармайлт цар тахал нүүрлээд буй энэ үед манай улсад бодитой хувь нэмрээ оруулж байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна.


Өнгөрсөн онд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цар тахал болон бусад сорилтуудыг даван туулах хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгоор санаачилсан Эрүүл мэндийн аюулгүй байдлын асуудлаарх Зүүн Өмнөд Азийн бага хурлын хуралдааны үеэр БНСУ дээрх саналыг гаргасан юм. 

Холбоотой мэдээ