Б.Насанжаргал: "Увс хүнс" компани сүү, цагаан идээгээр 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-17 15:42:19

Увс /МОНЦАМЭ/.  "Увс хүнс" ХК-ийн Сүүний цехийн мастер Б.Насанжаргалтай ярилцлаа. Тэрбээр их сургуулиа төгсөөд удаагүй ч компанийхаа Сүүний цехийг хариуцан ажиллаж, сүү, цагаан идээгээр өдөртөө 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн боловсруулж байна.

-Өөрийгөө танилцуулна уу?

-Би ХААИС-ийг хүнсний технологич мэргэжлээр төгссөн. "Увс хүнс" ХК-ийн Сүүний цехийн мастераар ажиллаад 3 сар болж байна. Мэргэжилдээ сонирхолтой болохоор хэцүү зүйл байдаггүй. Хамгийн гол нь ажлын байрны орчинд хэн нэгний зааваргүйгээр өөрийн хүслээр ажиллахад гоё санагддаг. Харин бусдын зөвлөгөөг өөртөө тусгаж аваад шинэ бүтээгдэхүүн туршиж үзэх дуртай.

-Сүүний цехийнхээ үйл ажиллагааг танилцуулаач?

-Манай сүүний цех хоёр үндсэн хэсэгтэйгээр бүтээгдэхүүн боловсруулалт хийдэг. Нийт 5 хүн ажиллаж байна. Өдөрт дунджаар 1 тонн 300 литр сүүг боловсруулан ааруул, цөцгий, бяслаг, тараг зэрэг нийт 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэж байгаа. Ажлын ачааллын хувьд харьцангуй хэвийн. Өдөрт нийлүүлэгдсэн сүүнийхээ хэмжээгээр нормоо бариад ажилладаг.

-Танай компанийн бүтээгдэхүүний онцлог, давуу тал нь юу вэ?

-Манай компаний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд 100 хувь эко гэдгээрээ онцлог. Сүү, цагаан идээ боловсруулах цехийн хувьд норм, стандарт, эрүүл ахуйг хатуу мөрдөж ажилладаг. Бүтээгдэхүүн бүр ямар нэгэн нэмэлт бодисгүйгээр, хэрэглэгчдийн гар дээр хүрдэг онцлогтой. Ааруул гэхэд хорхой, нойтон ааруул гэх мэтчилэн амт, хэлбэрийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэгдэж байна. Их сургуулиа төгсөөд ажилд зуучлагдах үед сүүний технологчийн ажлын орон тоог сонсоод өөрийн хүслээр дурлаж ажилд орж байлаа. Одоо сонирхсон ажлаа хийж байгаа болохоор илүү хичээж ажиллахыг хүсдэг.

-Үеийн залуучууддаа хандаж юу хэлэх вэ?

-Залуучуудын хувьд ямарваа ажлыг хэцүү талаас нь харж, шантрах байдал ажиглагддаг. Үнэ хэрэгтээ ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голох ёсгүй. Магадгүй ажилдаа дургүй, хэцүү санагдаж байвал өөрийн дуртай, сонирхолтой зүйлийн талаар бодож үзэх хэрэгтэй байх. Үүнийхээ дараа хүссэн ажилдаа орчихвол хэцүү ажил гэж огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд “Эрүүл хүнс аз жаргалын эхлэл” уриатай Монголын ууган хүнсний үйлдвэрүүдийн нэг "Увс хүнс" ХК-д ажиллаж байгаадаа баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа.



 

Холбоотой мэдээ