Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-08-06 09:52:32

УЛААНБААТАР. /FIBA/. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах гуравдугаар тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сарын 11-15-нд болно.


Сагсан бөмбөгийн энэхүү төрөл Токиогийн Олимпод амжилттайгаар эхлэлээ тавьж, Монгол Улс Олимпын наадамд анх удаа багийн төрөлд энэхүү спортын төрлөөр оролцсоноос хойш ердөө долоо хоногийн хугацаа өнгөрч буй юм.


Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклисын хамт Токио хот дахь 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан байгууламжид зочилсны дараа энэхүү шийдвэр гарчээ.


“Бид 3х3 сагсан бөмбөгийн U23 ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар болсондоо туйлын их баяртай байна” гэж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Л.Мягмаржав хэллээ.


“Энэхүү үйл явдал нь биднийг нэр хүндтэй тэмцээнүүдийг зохион байгуулахад бэлэн байгааг илтгэн харуулж байна. Монгол Улс Токиогийн Олимпын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж, О.Хулан манай улсын тугийг барьсан анхны эмэгтэй тамирчин болсон нь энэ төрлийг шимтэн сонирхогчдын хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсон” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Монгол Улс нь 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай орон юм. Тодруулбал, 2017 онд “FIBA”-гийн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2019 онд U18 ДАШТ-ийг зохион байгуулж байв.


“Энэхүү төрөл нь сагсан бөмбөгийн спортын төрөлд гялалзан гарч ирэх боломжийг шинэ орнуудад олгож буйг Монгол Улс тодотгон харуулж байна” гэж А.Загклис ярьжээ.


Тэрбээр үргэлжлүүлэн, Азийн АШТ-ээс эхлээд U18 ДАШТ тэргүүтэй “FIBA”-гийн 3х3 сагсан бөмбөгийн төрлийн албан ёсны олон тэмцээнд Монгол Улс гайхалтай зохион байгуулагч гэдгээ батлан харуулсан гэв.


Ийнхүү 23 хүртэлх насны дэлхийн эрэгтэй, эмэгтэй шилдэг багууд Монголын нийслэл Улаанбаатар хотноо хүчээ сорихоор болж байна.


FIBA”-гийн U23 дэлхийн аваргын эхний хоёр тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ аваргалсан юм. Мөн тус улсын баг 2018 онд болсон тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн бол 2019 оны тэмцээний энэ төрөлд Японы баг түрүүлcэн билээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд