Улаанбаатар хотын музей нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
oyundelger@montsame.gov.mn
2021-08-05 14:36:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаатай танилцлаа.


Улаанбаатар хотын музей нь 1956 оноос үйл ажиллагаагаа явуулж, одоогоор 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Музейн зай талбайн хүрэлцээгүйгээс үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг танхимд дэлгэж, үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд юм. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг.



БШУЯ-ны харьяанд байсан тус музей 2020 оноос Улаанбаатар хотын харьяанд орсон юм. Тухайн жилдээ төсвийн тодотголд багтсанаар музейн үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтын асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдсэн. Тодруулбал, анх удаа музейн үзмэр хадгалж, хамгаалах төсөвтэй болжээ. Мөн 2016 оноос хойш тус музейд нэмэлтээр 7 төрлийн орон тоо шаардлагатай байсныг төсвийн тодотголд оруулж, ажилчдын цалин хөлс, ажлын ачааллыг шийджээ. Хотын түүх соёлыг түгээх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажлыг 2014 зохион байгуулж ирэв. Тухайлбал, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын арга зүйд нийцсэн, сонирхолтой хичээл, лекц, үзэсгэлэн, үйл ажиллагааг зохион байгуулан, мэдлэг олгож иржээ.


Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт “Музейг олон нийтэд илүү таниулах, тулгарч буй саад бэрхшээлийг шийдэх талаар өнөөдөр уулзаж, ярилцаж байгаад баяртай байна. Асуудлуудаа шийдэж чадвал хэдхэн жилийн дараа хотын түүхийг өгүүлэх, стандартад нийцсэн, түүх дурсгалаа хадгалсан байртай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн албаныханд хэлж байлаа.



Музейн арга зүйч Э.Гэрэлмаа “Нийслэлийн харьяанд орсноор төсөв, санхүүгийн асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж байгаа. Манай музей анх удаа сан хөмрөгөө нэмэх төсөвтэй болсон. Үүгээрээ судалгаа, шинжилгээ хийн, музейн сан хөмрөгт зайлшгүй шаардлагатай бүтээлийг нэмж байгаа. Эхний ээлжид баримт бичгийн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулсан. Цаашид тоног төхөөрөмжид илүү анхаарч ажиллах шаардлагатай” гэжээ.


Цар тахлын улмаас музейн олон нийтэд чиглэсэн биет үйл ажиллагаа зогссон ч “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээл, “Бидний хот” нэртэй хотын түүхийг хоёр минутад өгүүлэх подкаст, “Нийслэл хүрээ” комикс цуврал болон цахим үзэсгэлэнг санаачлан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулж буй цахим үзэсгэлэнг  http://www.ubmuseum.mn/ холбоосоор үзэх боломжтой. 

Холбоотой мэдээ