Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын дүгнэлт гаргана

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-08-03 18:07:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Соёлын яам, БХБЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ-ын хамтарсан баг Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулж, өнгөрсөн сарын сүүлээр Дундговь аймагт ажиллалаа.

Энэ үеэр хамтарсан багийн гишүүд аймгийн соёл, урлагийн салбарын хөгжил, хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн асуудалтай танилцсаны дээр аймгийн удирдлагууд болон соёл, урлагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, Соёлын хэлтэс байгуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж эхлэхээр болжээ.

Мөн тус ажлын баг Дундговь аймагт 2012 онд баригдаж эхэлсэн Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажлын үйл явцтай танилцсан юм. Олон жилийн хугацаанд энэхүү ажил царцсан тул барилгын суурь, шалны бетон, арматур зэрэг барилга угсралт хийгдсэн хэсэгт дахин шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд тус аймагт ажилласан БХБЯ, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд энэхүү театрын барилгын дүгнэлтийг гаргахаар шийдвэрлсэн аж.

Ингэснээр барилгын хийц бүтэц, чанар, техник хяналт, төсөв зэрэг бүх дүгнэлтүүд гарч,  тус театрын барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болно хэмээн үзсэн аж.

Хамтарсан багийн гишүүд мөн аймгийн номын сан, Музей, Төв халхын дуулалт жүжгийн театр болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраар орж, байгууллагын удирдлагууд, албан хаагчидтай уулзсан ба энэ үеэр “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын Улаанбаатар хотод зохион байгуулах нэг үйл ажиллагааны холбогдох зардлыг Соёлын яам хариуцах, шинээр барих шаардлагатай байгаа аймгийн Музей болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын барилгын хөрөнгө оруулалтыг шийдэхэд дэмжиж ажиллахаа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ