Сонгуулийн санал хураалт 7.00 цагт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-29 09:32:50

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын санал хураалтыг энэ өглөөний тэг долоон цагт эхлүүллээ.

Тус аймаг дахь УИХ-ын 43 дугаар тойргийн 10 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд өглөөний зургаан цаг 40 минутад очиход хэсгийн хорооны гишүүд нам, эвсэл, бие даагчдын ажиглагч, сонгогчдын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй нээлтээ хийхэд бэлэн болсон байв. Хэсгийн хорооны ахлагч Т.Буянбат нээж тус хэсгийн хороо сонгуулийн санал хураалтыг хугацаанд нь эхлүүлж байгаагаа мэдэгдээд Хэсгийн хорооны гишүүд болон ажиглагчдыг хуулиа мөрдөж сонгогчдын саналаа өгөх бүхий л боломжоор хангаж ажиллахыг хүслээ. Дараа нь улсын бүртгэлийн төхөөрөмж болон санал авах хар машины кодыг уншуулж улсын бүртгэлийн төхөөрөмж, санал тоолох хар машины бүртгэлийн дугаар тэгээс эхлэж байгааг хорооны гишүүд болон сонгогчдын төлөөлөл, ажиглагчдад үзүүлж тэмдэглэл хөтлөв. Үүний дараа саналаа урьдчилж өгсөн 17 хүний саналыг хар хайрцагт уншуулахад 16-г уншсан бол нэгийг нь хар машин хүлээж аваагүй тул уг саналыг нь тэмдэглэл хөтлөхөөр болов. Ингээд уг хэсгийн санал хураалт цагтаа эхэллээ.

Хэсгийн Хорооны ахлагч Т.Буянбат:-“Манай хэсгийн хороо хуулийн хугацаанд буюу өглөөний 07 цагт нээлтээ амжилттай хийлээ. Сонгуулийн нэрсийн жагсаалтад 1714 сонгогч бүртгэгдсэн нь шилжиж явсан 18, шилжиж ирсэн дөрөв эдгээрийг оруулсан дүн юм. Саналын хуудсын 95 хувийг нь хүлээж аваад санал хураалт жигдэрч эхлээд байна. Бид үдийн 12 цагаас эхлээд хоёр цагийн зайтай ирцийн мэдээг бүртгэлийн машинаас авч Сонгуулийн Ерөнхий хороонд мэдээгээ дамжуулж явуулах ёстой. Манай Хэсгийн хорооны санал авах байранд нам, эвсэл, бие даагчдын зэрэг зургаан төлөөллийн ажиглагчид хуулийн хугацаанд хүсэлтээ ирүүлээд ажиглагчийн үнэмлэхээ 22 хүн хүлээж аваад ажиглалтаа хийж байна. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооноос зөвшөөрөл авсан ТББ-ын төлөөлөл ажиглагчийн үнэмлэх авсан бол бас гадаадын ажиглагчид ч ажиглагчийн үнэмлэхээ аваад санал хураалтыг ажиглаж байна. Манай хэсгийн хорооны гишүүн, төрийн албан хаагч долоон хүн ажиллаж байгаа бол Улсын бүртгэлийн хоёр ажилтан, даамал, Цагдаагийн ажилтан тус бүр нэг ажиллаж байна.

МАН-ын ажиглагч Ч.Бямбахишиг:-“Миний бие МАН-ын ажиглагчаар суух үнэмлэх авсан. Манай намаас яг энэ хэсгийн хороонд дөрвөн ажиглагч байгаа. Энэ хэсгийн хорооны санал хураалтын ажил хуулийн хүрээнд эхлэж одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй хэвийн явагдаж байна гэж үзэж байна”, АН-ын ажиглагч Б.Батзаяа:-“Сонгуулийн санал хураалтыг энэ хэсгийн хороо яг цагтаа хуулийн хүрээнд нь эхлүүллээ. Санал хураалтын явцыг ажиглагчийн хувиар анхааралтай ажиглаж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй байна” гэв. Тус хэсгийн хороонд анх удаа санал өгч байгаа сонгогч Т.Мөнгөнцэцэг:-“Би анх удаагаа иргэний эрхээ эдэлж сонгуульд оролцож байгаадаа баяртай байна. Иргэн хүн сонгуульд оролцоно гэдэг нь маш их хариуцлагатай, иргэдээ төлөөлж төрд суух хүнээ зөв сонгох хэрэгтэй юм болов уу гэж бодож сонголтоо хийхээр дараалалд зогсож байна” гэв. Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ