Амарбаясгалант хийдийн цогчин дуганыг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-28 21:21:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монголын ард түмний очих дуртай байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бол Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших “Амарбаясгалант” хийд билээ. Тус хийдийн хамт олон сүүлийн жилүүдэд сүсэгтэн олныхоо хандив, дэмжлэгээр хийдийн дугануудыг үе шаттайгаар засварлах ажлыг хийж байгаа аж.

Тус хийдийн Цогчин дуганы гадаад үзэмж он цагийн уртад (дээврийн ваар, модон хийцүүд, өнгө будаг нь) элэгдэн муудаж байгаатай холбогдуулан энэхүү засварын нүсэр ажлыг хийхээр зорьжээ. Энэ удаа 2021-2022 онуудад хийдийн гол хурлын дуган “Цогчин дуган”-ны засварын ажлыг хийхээр өнгөрсөн 06-р сараас эхлүүлжээ. Уг дуганыг 1980-иад онд Монгол-Японы хамтарсан инженерүүдийн удирдлаган доор Вьетнам урчууд сэргээн засварласан байна. Мөн 992 онд Гүрү Дэва рэнбүүчи өөрийн хөрөнгөөр өнгө будгийг нь сэргээн засварласан аж. Хосгүй ур хийц загвартай тус дуганыг сэргээн засварлах үйлст сүсэгтэн олон өглөгийн гараа сунгаж, сэргээн засварлах их ажилд гүн туслалцаа үзүүлж, хичээнгүйлэн зүтгэж байгаа аж. Энэхүү ажилд сэтгэлийн хандив өгөх хүмүүс “Амарбаясгалант хийд”-ийн Хаан банкны 50491325 71 дансанд өгөх буюу 99940258 дугаарын утсаар холбогдох боломжтой аж. Хандив өгч буй иргэд өөрсдийн нэр, ам бүлийн тоо, утасны дугаараа үлдээхийг хийдийн захиргаанаас онцгойлон хүслээ. Тус хийдийн хувьд нэг ч хадаас ороогүй, уран хийцтэй, бүгд эвийн углуургаар хийгдсэн гэдгээрээ онцлогтой байдаг.   

Холбоотой мэдээ