У.Шерман: Цар тахлыг хохирол багатай даван туулах чухал арга хэмжээний нэг бол харилцан туслалцаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-26 17:10:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман энэ сарын 23-25-нд Монгол Улсад айлчилсан билээ. Энэ нь түүний Азийн орнуудаар хийж буй айлчлалын гурав дахь зогсоол байв.


Хатагтай У.Шерман айлчлалынхаа хүрээнд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Дэд сайд Б.Мөнхжин нартай албан ёсны уулзалт хийсэн. Мөн Соёлын сайд Ч.Номин, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нартай уулзахын зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхсан юм. 

Тэрбээр албаны уулзалтаар, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа бүс нутаг дахь аюулгүй байдал, коронавируст халдварын цар тахлыг даван туулах, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Мөн тэрээр Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн монгол цэргүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний бүс нутаг болон дэлхийн энхийг сахиулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж талархал илэрхийлсэн. Түүнчлэн Монголын ЛГБТ төвд зочилж Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам тус төвтэй хэрхэн хамтарч ажиллаж буй талаар мэдээлэл авсан.


Тэрбээр өчигдөр БНХАУ-ыг зорихынхоо өмнө буюу манай улсад хийсэн айлчлалынхаа төгсгөлд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын өргөөнд хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзан мэдээлэл өгч, зарим сонирхсон асуултад хариуллаа. Уулзалтын эхэнд хатагтай У.Шерман, “Дипломатчаар ажиллаж буй он жилүүдийнхээ турш анх удаа Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын бахархалтай, бас баяртай байна. Монгол  Улс АНУ-ын стратегийн түншээр зогсохгүй гуравдагч хөрш байдагт бид маш их сэтгэл хангалуун байдаг. Манай хоёр улс ардчиллыг хөгжүүлэх, хуулийг дээдлэх, чөлөөт худалдаа, бизнес эрхлэлт, хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалсаар ирснийг тэмдэглүүштэй” хэмээн онцолсон юм. 



Тэрбээр, “Миний бие өчигдөр, УИХ-ын даргад бараалхаж, Гадаад харилцааны сайд болон дэд сайд нартай уулзаж нээлттэй, шударга, үр бүтээмжтэй уулзалт хийлээ. Уулзалтаар “КОВИД-19” цар тахлыг хамтдаа даван туулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний сэдвээр санал солилцлоо. Түүнчлэн Чойжин ламын музейд зочилж Монголын ард иргэд, зан заншил, соёл уламжлалтай танилцах боломж надад олдсонд баяртай байна. Монголчууд өнөөг хүртэл өөрсдийн соёл уламжлал, зан заншлаа хадгалж үлдсэнээрээ мөн шашин шүтэх эрх чөлөөг дээдэлдгээрээ бүс нутагтаа төдийгүй, дэлхий дахинд үлгэрлэдэг. АНУ-ын Соёлын өвийг хамгаалах Элчин сайдуудын сан Чойжин ламын музей болон бусад хэд хэдэн соёлын өвийг сэргээн засварлах ажилд дэмжлэг олгосон” хэмээн онцлов. 


Мөн айлчлалын хүрээнд Афганистанд энхийг сахиулах үүргээ биелүүлээд ирсэн Монголын Зэвсэгт Хүчний төлөөлөлтэй уулзсанаа тэмдэглээд, “20 гаруй жилийн турш Монгол цэргүүд Афганистанд АНУ-ын цэргүүдтэй мөр зэрэгцэн нэр төртэй, эр зоригтойгоор үүргээ биелүүлсээр ирсэнд АНУ үргэлж талархдаг” гэв.


АНУ Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг олгоход бэлэн байгаагаа дурдаад, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) нэг жилийн өмнөөс эхлэн Монгол дахь үйл ажиллагаагаа сэргээж, өргөжүүлж буйг тодотгов. Монголын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 50 сая ам.доллар, мөн эрчим хүчний салбарт техникийн тусламж болгож 12 сая ам.долларыг тус тус олгохоор шийдвэрлэснийг дуулгалаа. Үүнээс гадна, Мянганы сорилтын сангийн компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларыг Улаанбаатар хотын цэвэр усны хэрэгцээг сайжруулахад олгож байгаа юм.


Тэрээр, “Вашингтонд буцаж очмогцоо миний бие АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Саманта Пауэртай уулзаж Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар ярилцах болно” гэдгийг цохон тэмдэглэлээ.


Монгол Улс, АНУ 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жилийн хугацаанд АНУ-аас Монгол улсад нийт есөн удаагийн дээд хэмжээний айлчлал хийж байсан. Хамгийн сүүлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри 2016 онд Монгол улсад зургаан цагийн айлчлал хийж байсан. Энэ удаагийн айлчлал нь түүнээс хойших АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтны хийсэн таван жилийн дараах айлчлал юм.



Хатагтай У.Шерман уулзалтын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгснийг хүргэж байна.


-Ерөнхийлөгч Ж.Байдены эрх барих хугацаанд АНУ Ази тив рүү, тэр дундаа Монгол Улс руу эдийн засаг, худалдааны чиглэлд ямар бодлого баримтлах вэ?


-Манай хоёр орны хооронд дахь стратегийн түншлэл бол маш чухал. Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Ж.Байден Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын захиа ирүүлэхдээ, хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдсан. Монголчууд нам, эвсэл үл харгалзан Монгол Улс - АНУ-ын харилцааг ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан дэмждэг гэдэгт итгэлтэй байна. Бид эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр хичээнгүйлэн ажиллах болно.


-Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлах явц ямар шатанд яваа вэ?


-Та бүхний мэдэж байгаачлан Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын энэ удаагийн чуулганд дахин өргөн барьсан. АНУ-ын Конгресс энэ асуудалд ямар шийдвэр гаргах эсэхийг миний бие тайлбарлах нь зохисгүй үйлдэл биз ээ. Гэхдээ манай хоёр орны стратегийн түншлэл, цаашлаад эдийн засаг, худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаанд Вашингтоны бүх улс төрийн намууд хүчтэй дэмждэг.


АНУ-аас Монголын ноос, ноолуур, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин ажилладаг билээ. Саяхан л гэхэд, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсын ноолуурын салбарыг олон улсад таниулах, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр иж бүрэн судалж, танилцуулсан. АНУ-ын хэрэглэгчдийн тухайд авч үзэхэд, тэд маш өндөр чанартай учраас монгол ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авахдаа таатай байдаг. АНУ-ын хэрэглэгчдэд тус бүтээгдэхүүний онцлог, чанарыг илүү сайн таниулах чиглэлээр олон ажил хийх боломжтой. Үүнээс гадна Мянганы сорилтын сангийн компакт гэрээ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал хэсгүүдийн нэг билээ.



-Өнгөрсөн зургаадугаар сард Монголчууд зургаа дахь ардчилсан ерөнхийлөгчөө сонгосон билээ. Таны бодлоор Монгол Улсын шинэ ерөнхийлөгч хоёр орны харилцаанд ямар өөрчлөлтийг авчирна гэсэн хүлээлттэй байна вэ?


-Монголчууд зургаа дахь ерөнхийлөгчөө сонгож, ардчилал үргэлжлэн дэлгэрч буйг харах үнэхээр таатай байна. Өмнө дурдсанчлан, ерөнхийлөгч Ж.Байден У.Хүрэлсүх ерөнхийлөгчид баярын захиа илгээсэн. Хэрэв дэлхий дээрх цар тахлын нөхцөл байдал ийм хэмжээнд байгаагүй бол бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойд төлөөлөгчдөө илгээх байлаа.

Хоорондын харилцаандаа бид маш өндөр ач холбогдол өгдөг. Та бүхний мэдэж байгаачлан би Япон, БНСУ, болон Монгол гэх ардчилсан улсуудаар айлчилж байгаа билээ. Ерөнхийлөгч Ж.Байден, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар манай хоёр орны харилцаа стратегийн түншлэлд хүрсэн нь нь ардчилалын хүч, тэр дундаа ардчилал ард иргэдэд үр ашгаа өгч чадаж буйн илрэл гэж үздэг. Монгол Улсын Ерөнхийлөгч ч мөн адил бодолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.


-Та энэ удаагийн айлчлалын хүрээнд хийгдсэн уулзалтуудын үеэр хүний эрх, шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг хөндсөн гэж хэллээ. Яагаад энэ сэдвийг илүү онцлох болсон бэ?


-Эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал, хүний эрх, шашин шүтэх болон үг хэлэх эрх чөлөө, ЛГБТ хүмүүсийн эрх гэх мэт бүхий л сэдвүүдийн талаар бид онцлон ярилцсан. Манай хоёр улс ардчилсан үзэл баримтлалыг дээдэлдэг учир дээрх сэдвийг чухалчилсан. Монгол Улс энэ асуудлын хувьд, тивдээ тэргүүлэгч нь. Ардчилалын үзэл баримтлалыг торниулахдаа соёл, уламжлал мөн бусдаас өвөрмөц байдлаа хадгалан авч үлдсэн нь туйлын магтууштай хэрэг. Шашин шүтэх эрх чөлөө, шашны түүх зэрэг нь энэ улсад ямар их чухал зүйл гэдгийг айлчлалынхаа үеэр мэдэрсэн минь сэтгэл хөдөлгөм байлаа.


-Цар тахлын энэ хүнд үеийг даван туулахад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Иймд АНУ-аас эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?


-Цар тахлыг хохирол багатай даван туулах хамгийн чухал арга хэмжээний нэг бол харилцан туслалцаа. Бид Монгол Улсаас манай улсын эмнэлэгийн ажилчдад хандивласан нэг сая ам.долларын үнэ бүхий хамгаалах хэрэгсэлд маш их талархаж байгаа. Уг хандивыг бид АНУ-ын баруун өмнөд хэсэгт орших цар тахалд хүчтэйгээр нэрвэгдсэн Навахочуудад зориулсан нь даруй үр дүнгээ өгсөн.

АНУ-ын хувьд Монгол Улсын “КОВИД-19” цар тахалтай тэмцэх хүчин чармайлтыг дэмжих зорилгоор өнгөрсөн хугацаанд дөрвөн сая ам.долларын туслалцаа үзүүлсэн ба үүний нэг жишээ бол бид ноднин 12 дугаар сард 50 ширхэг амьсгалын аппарат хандивласан. Мөн бид КОВАКС хөтөлбөрийн хамгийн том хандивлагч орон. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс вакцин хүлээн авч буйг харах таатай байна.

“Их Долоо”-гийн уулзалтын үеэр бидний хэлэлцсэний дагуу, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар дэлхийн бүхий л орнуудын эдийн засгийг хүнд хэцүү үед сэргээхэд чиглэсэн “Илүү сайхан дэлхийг дахин бүтээх нь” үзэл санаан дор ажиллаж байна. “КОВИД-19” халдварын дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаагаас харахад бидний энэ цар тахлыг даван туулах үе хараахан ирээгүй байна.

Монголчууд цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр маш хичээнгүйлэн ажиллаж байгаад миний бие баяр хүргэмээр байна. Бид Монгол Улстай хамтран илүү сайхан дэлхийг дахин бүтээх болно.


Э.Эрдэнэжаргал, С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ