“Өнөр бүл” төвд хүүхдийн жюү жицүгийн клуб байгууллаа

Монголын мэдээ | Боловсрол
uransolongo49@gmail.com
2021-07-23 16:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өнөр бүл” хүүхдийн төвд хүүхдийн жюү жицүгийн клуб байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.


“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр буюу Ангууч шагналын 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй хүүхдийн бие хамгаалах урлагийн клуб байгуулах ажилд хандивласан билээ. Тус сангаас Б.Баттөрийн хандив дээр 50 сая төгрөгийн нэмэлт дэмжлэг үзүүлж, нийт 100 сая төгрөгөөр ийнхүү дахин нэг шинэ клуб байгуулж байгаа юм.


Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын Жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх тэргүүтэй хүмүүс оролцов.




НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс, “Миний төсөөлж байгаагүй хурдан хугацаанд энэхүү төв нээгдэж байгаад баяртай байна. Хоёр сарын өмнө Жюү Жицү-гийн холбоо МУБИС-тай хамтран бид хүүхдэд зориулсан спортын төвүүдийг байгуулж эхэлсэн. Учир нь хүүхэд спортоор хичээллэснээр өөртөө итгэлтэй болох, багаар ажиллах зэрэг олон ур чадварыг олж авдаг. Би 16, 18 настай хоёр охинтой. Хоёр охин маань дөрвөн настайгаасаа бие хамгаалах тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Үүний адил монгол охид бие хамгаалах урлагаар хичээллэх гээд сууж байгаад баяртай байна. Энд байгаа хүүхдүүдийг бие хамгаалах урлагаар хичээллээд өөртөө итгэлтэй хүн болоосой гэж хүсэж байна" гэв.




“Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр, "Сэтгэгдэл маш өндөр байна. НҮБ-ын хамт олон болон бусад хүмүүстээ талархлаа. Бидний хүсэл зорилго таарсан учраас энэ ажил хамгийн зөв цагтаа нээгдэж байна. Миний зүгээс шагналаа хандивлаж оролцсондоо маш их баяртай байна. Мөн н.Болд-Эрдэнэ ахдаа тусгайлан баяр хүргэе. Монголын Жюү Жицү холбоо ямар их хүчтэйг харуулж чадлаа. Өнөөдөр энэхүү клубийн нээлтийг Олимпын нээлтийн өдөртэй давхцуулж хийсний учир нь энэ заалнаас ирээдүйн олимп, дэлхийн аварга төрөөсэй гэж бэлгэдсэн. Хүүхэд бол бидний ирээдүй. Дүү нартаа хандаж хэлэхэд ах нь энэ заалнаас холдохгүй. Чадах чинээгээрээ энэ зааланд ирж, та бүхэнтэйгээ бэлтгэл хийж байх болно. Та бүхэн хэзээ ч битгий шантраарай. Би амьдралдаа олон зүйлийг ганцаараа туулж байсан учраас та бүхнийг хамгийн сайн ойлгох ах нь байх болно гэдгийг хэлмээр байна" гэв.




НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах болон бусад ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор Жюү жицү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хамгийн анхны клуб “Ид шидийн орон 2” төвд байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн бол хоёр дахь нь өнөөдөр Жюү жицүгийн бие хамгаалах урлагийн дэвжээ, клубын нээлт болж, "Өнөр бүл” хүүхдийн төвд хүлээлгэн өглөө.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн асрамж халамжийн “Өнөр бүл” төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгаалалхүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус төвд одоогоор 186 хүүхэд амьдарч байна.




Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ