Б.Бат-Эрдэнэ: Бидний эрх зүйн орчин жил ирэх тусам шинэчлэгдэн дэлхийн жишигт хүрч байгаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-23 19:47:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар товч ярилцлаа. 


-Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021 он гарсаар гамшиг, ослын дуудлага ямар түвшинд байна. Тухайлбал ой, хээрийн түймэр?

-Он гарсаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой, хээрийн түймэр дөрвөн сумын нутаг дэвсгэрт 6 удаа гарсан. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы улмаас энэ хавар хуурайшилтын улиралд иргэдийн аялал, зугаалга харьцангуй багассан. Мөн аймгийн Засаг даргын "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэг байгуулах тухай" захирамжаар Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумдын ЗДТГ-ын алба хаагч нар хамтран 9 сумын 16 хяналтын цэгт үүрэг гүйцэтгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгууллаа.

Үүний үндсэн дээр ой, хээрийн түймрийн тоо, хохирол өмнөх оноос эрс буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Минжийн хангайд самар түүх иргэд маш олон байна. Сум орон нутгийн Засаг даргын захирамжаар албадан буулгах арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлсэн боловч хулгайн замаар ууланд гарах, тэндээ нуугдах явдал их байна. Энэ нь намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа.

Ой, хээрийн түймрийн сүүлийн 10 жилийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийхэд 30 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байна. Иймд иргэддээ ойн сан бүхий газарт ой, хээрийн түймрийн аюултай улиралд аялал зугаалга, бусад ажлаар явахдаа татсан тамхины иш, отоглосон газрын тулга зэрэг гал түймэр үүсвэрлэн асаж болзошгүй эрсдэлийг тооцоолж, анхаарч байхыг анхааруулъя.

-Нийт нутгаар гол, мөрөн үерлэсэн байдалтай байна. Үер усны ослын дуудлагаар Онцгой байдлын газар хэчнээн удаа гарч ажиллав. Бас усанд осолдсон явдал гарсаар л байна. Ер нь усны ослыг бууруулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээний нэг бол гол, мөрний усанд осолдсон иргэдийг эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулах. Мөн сумдын мэргэжлийн ангийг дайчлан оролцуулах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахад оршдог. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гол мөрний усны түвшинг хэмжин үерийн аюултай, нэн аюултай түвшинд хүрсэн даруйд Онцгой байдлын газарт мэдээлж, хамтран гол, мөрний үерийн усанд боогдох, усанд осолдох сэрэмжлүүлгийг ард иргэдэд тухай бүрд нь хүргэн ажиллаж байгаа.

Мөн бид эрсдэлийг тооцоолж, сумдын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулах. Цаашлаад болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, заавар, зөвлөмж, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн мэдэгдэл, заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлж ажилладаг. Мөн ажлын биелэлтийг тооцож гарсан зөрчил, дутагдал, алдаа оноог хэлэлцэн шийдвэрлэж, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийдэг. Энэ гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь нэг үгээр хэлбэл гарын авлага юм.

Он гарсаар Онцгой байдлын газарт нийт үер усанд боогдсон 30 удаагийн дуудлага бүртгэгдэж 38 өрх, 100 иргэн, 2275 малыг нүүлгэн шилжүүлсэн. Сумдын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсэг уг үйл ажиллагаанд хамтран оролцож, бие даан 17 өрхийн 61 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Гамшигтай тэмцэх үйл ажиллагааны хамгийн анхан шатны нэгж бол сум орон нутгийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсгүүд байдаг. Дан ганц Онцгой байдлын байгууллага гамшигтай тэмцэх үйл ажиллагааг явуулна гэдэг учир дутагдалтай. Энэ жилийн хувьд аймгийн Засаг даргын А/196 дугаар захирамжаар Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө голын эрэг дагуу амралт зугаалгаар аялж байгаа иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж өгөх завьт болон хөдөлгөөнт эргүүлийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулж байгаа.

-Бүх нийтийн амралтын өдрүүдэд "Ковид-19" цар тахлын тархалт ямар түвшинд байна?

-Энэ жилийн хувьд бүх нийтийн амралтын өдрийг Монгол Улсын Засгийн газраас 9 хоног амраах зохицуулалт хийсэнтэй холбогдуулан нийслэл болон бусад орон нутгаас Сэлэнгэ аймгийг зорих, амралт зугаалгаар ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн төв, орон нутаг руу орох хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг чангатгаж, Улсын Онцгой комиссын 2021 оны 23 дугаар хуралдааны тэмдэглэл, үүрэг, чиглэлийн дагуу сум орон нутаг руу нэвтрэх 5 хүн тутмын нэгээс түүврийн аргаар түргэвчилсэн шинжилгээ авсан.

Мөн УОК-ын 2021 оны 46 дугаар тушаалын дагуу зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, иргэдийг амралт зугаалгаар аялах, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр амрах талаар анхаарч ажилласан. Түүврийн аргаар шинжилгээ авах явцад нийт 15 эерэг тохиолдол илэрснийг тухайн иргэний харьялалын дагуу орон нутаг руу буцаах арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Сэлэнгэ аймаг улбар шар түвшинд, халдварын тохиолдол буурахгүй маш их эрсдэлтэй байна.

-Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл хэр дээшилж байна вэ?

-Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Бидний эрх зүйн орчин жил ирэх тусам шинэчлэгдэн, улам сайжирч дэлхийн жишигт хүрч байгаа. Эцэст нь хэлэхэд ямарваа нэгэн гамшигтай тэмцэх үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах юм бол хохирол багатай даван туулдаг. Удаашраад, сунжраад гадны нөлөөлөл орох юм бол энэ үйл ажиллагаа эсргээрээ болдог урвуу чанартай гэсэн үг.

рилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ