Аянганд гэмтсэн ус түгээх байруудад засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-21 20:52:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд аянга цахилгааны улмаас сумын зарим ус түгээх байруудад гэмтэл гарсныг засварлаж байна.

Энэ сарын 19-20-нд шилжих шөнө тус суманд дуу цахилгаантай бороо орж, аянга буусны улмаас 15, 20, 30, 35, 36 дугаартай ус түгээх байрууд гэмтсэн юм. Гэмтлийн сэлбэг хэрэгслийг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж "Гүний ус" ХХК засварлан хэвийн ажиллагаатай болгож байна.

Мөн тус сумын орчимд 18-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас замын дээд талын айлууд үерт автсан. Энэ үеэр аймгийн Онцгой комисс яаралтай шийдвэр гарган хатуу хучилттай авто замуудыг сэтлэх, усыг соруулж зам давуулах зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Үүний улмаас иргэдэд багагүй хэмжээний хохирол учраад байгаа юм. Ус цаг орчны шинжилгээний төвийн мэдээлж байгаагаар энэ сарын 22-ны өдөр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа тул иргэдийг цахилгаан, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ