Түүхэн сэдэвт үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-07-05 17:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлээс Соёлын яамны дэмжлэгтэй түүхэн сэдэвт шилдэг уран бүтээлийн шагналт үзэсгэлэн толилуулж байна.

 

Тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүд өнөөдөр тодорлоо. Нэгдүгээр байрт "Анхны долоо" модон баримлын бүтээлээр уран сийлбэрч, барималч М.Мөнхзул, хоёрдугаар байрт "Шинэ цагийн эхлэл" бүтээлээр Д.Булгантуяа, гуравдугаар байрт "Тэнгэрийн одод" бүтээлээр зураач Б.Баярт-Од шалгарлаа. Харин тусгай байрыг "Богд хааныг чөлөөлсөн нь" бүтээлээр зураач П.Бат-Орших, "Эрхэмлэж яваарай" бүтээлээр зураач Н.Мөнхбат нар тус тус эзлэв.

 

Тус үзэсгэлэн түүхэн сэдэвт дүрслэх урлагийн бүтээлүүдийг шинээр төрүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийн түүхэн судалгааг өргөжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх үйл явцад дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад зориулсан цуврал уран бүтээл хийх зорилготой юм.

 

Анхны долоо. Ардын хувьсгалын гол төлөөлөгчид болох анхны долоо буюу Догсомын Бодоо (1885-1922) Домбын Чагдаржав(1880-1922) Солийн Данзан (1883-1924) Дарьзавын Лосол (1889-1940) Дансранбилэгийн Догсом (1884-1941) Дамдин Сүхбаатар (1893-1922) Хорлоогийн Чойбалсан (1895-1952)

 

Анхны долоогийн үйл хэргийг олон нийтэд таниулан үлдээхийн зэрэгцээ дотоод үйл явдал хоорондын харилцаа, зохион байгуулалт, хувь хүмүүсийн оролцоо байр суурь, тухайн үеийн нөхцөл байдал, цаг үеийг зарим нэг түүхэн сурвалжаас судлан өөрийн төсөөлөлөөр сэтгэн бодож ерөнхий санаа, зохиомжоо гарган модон баримлын төрлөөр бүтээж хүргэхийг зорьжээ.

 

Монголын үндэсний тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө амь хайрлахгүй зүтгэхийг журамт цэргүүддээ уриалж, улс орныхоо төлөө амиа өргөхөд харамсахгүй гэдгээ илэрхийлж байсан Д.Сүхбаатар бол 1911 оны Үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, 1921 оны ардын журамт цэргийн их жанжин билээ. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн тунхаглахад оруулсан түүний хувь нэмэр их бөгөөд Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг нь үнэлж баршгүй. Д.Сүхбаатар жанжны хөргийг бодит түүхэн хар цагаан цээж фото зурган дээр тулгуурлан ард түмний хайртай эгэл бор хүү, жинхэнэ удирдагчийн дүрээр илэрхийлэн харуулахыг зорьжээ.


Тэнгэрийн одод /2021/. /140 х 90 см/ зотон тос

Уг бүтээлд ирээдүй хойч болох бидний тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө өвөө, эмээ нар амь биеэ үл хайрлан тэмцэж явсан болоод ирээдүй хойч болох хүүхэд багачуудын баяр баяслыг харуулжээ.  Залуу сайхан нас гээд бүхий л зүйлсээ зориулсан одод мэт биднийгээ үргэлж харж хандаж байдаг эцэг өвгөддөө зориулсан байна.

 

"Богд хааныг чөлөөлсөн нь" 2021 он. /170 х 290 см/, зотон, тос

Реалист уран зургийн арга барилаар энэхүү бүтээлийг туурвижээ. Зургийн гол дүрийн хэсэгт Богд хаан болон Эх дагиныг жуузанд урин суулгаж байгаа явдал юм. Хааныг урьж байгаа улаан дээлтэй Саж лам үйл явдал бүтэмжтэй болж байгаад баярласан байдалтай байна. Хаан, хатны араас Монгол Улсын Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр авч яваа төрийн хар хүнийг дүрсэлжээ.

Зургийн баруун талд хээр зүсмийн морьтой цэргүүдийг удирдан яваа Туванов ихэд яарсан, бушуу хөдөлцгөөе гэсэн байдалтай байна. Бусад цэргүүд Богд хааныг хүндлэн биширч, зарим нь сүслэн залбирч буйгаар дүрсэлжээ. Мөн морьд нь өвлийн хүйтэнд дайн тулаанд хол зам туулан хөлөрч цантсан байдалтай харагдана.

Зургийн наад талд энэ үеэр Туул голоос түлшний бургас өөрийн даах хэмжээндээ баглан харьж яваад санамсаргүй таарсан өвгөн лам сөхөрч суун Богд хаанд залбирч мөргөж буйгаар зохиомжилжээ. Энэ дүрээр тухайн үеийн ядуу тарчиг байдлыг харуулахыг зорьсон байна.  Зургийн зүүн доод буланд гамингийн туг газар унасан байдалтай дүрсэлжээ.

 

 

Холбоотой мэдээ