Халдварын тохиолдлын 59,7 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-01 17:32:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс өнөөдрийн ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн хоногийн хугацаанд 33 тохиолдол батлагдсныг мэдэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол Бугат, Хутаг-Өндөр суманд тус бүр гурав, Бүрэгхангай суманд дөрөв, Булган суманд 12, Могод, Дашинчилэн суманд тус бүр нэг, Баяннуур суманд долоо, Сайхан суманд хоёр нэмэгдэж, нийт 904 болжээ.

-Шинээр нэмэгдсэн тохиолдлуудын хувьд коронавирусний халдварын голомттой, эрсдэлтэй газар буюу Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол гарч, бусад нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байсан халдвартай иргэдийн харьцагч нараас бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд, өндөр настай хүмүүс халдар авч байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд халдвар авсан тохиолдолд төрсний дараа хүндэрч болзошгүй учир урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа хэллээ.

Тус аймагт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал нь хөнгөн 250, хүндэвтэр тав, хүнд хоёр байна. Батлагдсан халдварын тохиолдлын 540 буюу 59,7 хувь нь эмэгтэйчүүд, 364 буюу 40,3 хувь нь эрэгтэйчүүд байна.

Холбоотой мэдээ