Нэг кг цагаан ноолуурыг 80-130 мянган төгрөгөөр борлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-24 14:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 5 дугаар сард атан тэмээ 1.2 сая, хязаалан гуна 1.1 сая төгрөгийн үнэ хүрч, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй байв.


Харин соёолон үрээ нэг сая төгрөгөөр зарагдсан нь өмнөх сарынхаас 59.6 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн эр хонийг 218.6 мянган төгрөгөөр борлуулж байсан нь өмнөх сарынхаас 24.1 мянга, эр ямааг 144.5 мянган төгрөгөөр зарсан нь өмнөх сарынхаас 12 мянган төгрөгөөр нэмэгджээ.


Өнгөрсөн 5 дугаар сард эр хонь Улаанбаатар хотод хамгийн их буюу 270 мянган төгрөг болж өмнөх сарынхаас 60 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол Дорнод аймагт хамгийн бага буюу 143.2 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 1.4 мянган төгрөгөөр багаслаа.


Мөн хугацаанд Баянхонгор аймагт цагаан ноолуур нэг кг нь хамгийн их буюу 130 мянган төгрөг, Дорнод, Хэнтий аймагт хамгийн бага буюу 80 мянган төгрөгийн ханштай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Түүнчлэн, үхрийн 2 метрээс дээш урттай шир 7.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 1.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин ямааны нэг кг цагаан ноолуурын үнэ 107.5 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2 мянган төгрөгөөр багаслаа.


Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 5 дугаар сард 25 кг хивгийн үнэ Завхан, Орхон аймагт хамгийн их буюу 24 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2 мянган төгрөгөөр, Архангай аймагт хамгийн бага буюу 11 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 9.5 мянган төгрөгөөр хямдарсан аж. 

Холбоотой мэдээ