Монгол, Сингапур цахим худалдаагаар хамтарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-22 10:45:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Сингапурын бизнес эрхлэгчдийн хамтарсан ээлжит цахим уулзалт өнгөрсөн 7 хоногт боллоо. Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсын ГХЯ, МҮХАҮТ, Сингапурын Бизнесийн холбооноос хамтран зохион байгуулсан “Singapore Mongolia Business Matching Webinar-Assessing Mongolia and Singapore Markets Virtually” ээлжит цахим уулзалт нь Монголын дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийг Сингапурын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой болсон талаар ГХЯ-наас мэдээлэв. 

Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас гадна oдоогоор даяарчлагдаж буй олон улсын нөхцөлд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Сингапурын туршлага, боломжоос хуваалцаж Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд 180 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон өргөн хэмжээний цахим арга хэмжээ болсноороо онцлог байв. 


Монгол, Сингапурын бизнесийн цахим уулзалтад 180 гаруй төлөөлөгч оролцов.



Түүнчлэн уулзалтын үеэр Сингапурын Бизнесийн холбоо болон МҮХАҮТ-ын хооронд Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсныг талууд мэдэгдэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх боломжийг нээж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарах юм гэдгийг зохион байгуулагчи онцолж байна.

Монгол, Сингапурын хооронд бизнесийн ажил хэргийн уулзалт жил дараалан амжилттай хэрэгжиж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагааны боломжийг судалсаар ирсэн юм. 


Холбоотой мэдээ