БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ-д айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-17 10:27:55

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн алба тушаалд шинээр томилогдсон Сун Ким БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхийн сацуу Японы цөмийн асуудал хариуцсан төлөөлөгчтэй гурван талт уулзалт хийхээр Сөүл хотноо энэ долоо хоногийн сүүлээр айлчлах төлөвтэй байна гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.


Сун Ким Сөүлд таван өдрийн айлчлал хийхээр бямба гарагт хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ. Түүний хувьд БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн хувиар БНСУ-д хийх анхны айлчлал нь энэ болно. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Интэй өнгөрсөн сард уулзах үеэрэ Сун Кимийг уг албан тушаалд томилсон талаараа хэлсэн юм.


“Бид БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Кимийн зургаадугаар сарын 19-23-нд хийх айлчлалын дэлгэрэнгүй хуваарийг гаргаж байна. Энэхүү айлчлалын зорилго нь БНСУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог түргэн хугацаанд хэрэгжүүлэхэд оршиж байна” гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.


Мүн Жэ Интэй тавдугаар сарын 21-нд анх удаагаа биечлэн уулзсанынхаа дараа Ж.Байден, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд бодит алхмуудыг хэрэгжүүлэхийн төлөө Пёньянтай дипломат шугамаар холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ