Путин, Байден нар хоёр талыг түгшээж буй бүх асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-16 09:54:32

ЖЕНЕВ. /TASS/. Москва, Вашингтон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын уулзалтын үеэр хэлэлцэх бүх асуудлыг зөвшилцжээ. Лхагва гарагт Женевт хийх хэлэлцээний төлөвлөгөөнд ороогүй үлдсэн асуудлуудыг удирдагчид өөрсдийн санаачилгаар хөндөх боломжтой байна.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын сэтгүүлчдэд мэдээлснээр, хоёр орны удирдагчид эхлээд Орос-Америкийн харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын гол асуудлууд, мэдээллийн аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хэлэлцэнэ.


Дараа нь "хоёр талын харилцааны тодорхой шийдэгдээгүй асуудлуудыг" хэлэлцэх аж. Хэлэлцэх асуудлуудад үүнээс гадна, эдийн засгийн хамтын ажиллагаа, уур амьсгал, Арктик, коронавирустэй тэмцэх асуудлууд багтжээ.


Ушаковын мэдээлснээр, хоёр орны удирдагчид мөн Ойрхи Дорнод, Сири, Ливи, Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь байдал, Афганистаны байдал, Солонгосын хойг болон Уулын Карабах дахь байдал, Украины асуудал зэрэг бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэнэ.


Шийдэгдээгүй асуудлууд

Америкийн талын хүсэлтээр дэлхийн өнцөг булан бүрд Оросын иргэдийг баривчилж буйг (Москвагийн тооцоолсноор 2008 оноос хойш 60 орчим хүн баривчлагджээ), мөн дипломат төлөөлөгчийн газруудын ажилд тавьсан хязгаарлалт, АНУ дахь Оросын дипломат өмчийг хураасан зэргийг Кремль хоёр талын харилцааны шийдэгдээгүй асуудлуудад оруулжээ.


Эдгээр болон бусад хэд хэдэн асуудлыг Кремль “хоёр талыг харилцан цухалдуулж буй асуудлууд” гэж үзэж байгаа юм.


Америкийн талаас хөндөх асуудлууд

Америкийн тал батлагдсан хөтөлбөрөөс гадуур Алексей Навальный болон Беларусийн асуудлыг хөндөнө гэж Кремль үзэж байна.


АНУ-ын засаг захиргаа хэлэлцэх бусад асуудлын дунд хүний ​​эрхийн байдлыг оруулжээ.


Америкийн төлөөлөгчид мөн АНУ-ын хэд хэдэн компани, байгууллагуудын саяхан өртсөн хакерын халдлагыг хэлэлцээний гол сэдвүүдийн нэг болгох төлөвтэй байна. Вашингтон өмнөх шигээ халдлагын ард Оросын хакерууд байгаа гэж үзэж байгаа юм.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын удирдагч Жо Байден нарын уулзалт лхагва гарагт Швейцарын Женев хотын Ла-Гранж виллад орон нутгийн цагаар 13:35 цагт эхэлнэ.


Холбоотой мэдээ