Польш Улсын Элчин сайд Өвөрхангай аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-13 12:00:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко энэ сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт албан айлчлал хийлээ.

Түүнийг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч, тус улстай эхлүүлэх найрамдалт харилцааны талаар санал солилцсон байна.

Аймгийн зүгээс Польш улсын аль нэг муж, хоттой хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт түлхүү хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа хэлэв. Мөн уулзалтын үеэр боловсрол, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг туршлага судлуулах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Элчин сайд Кшыштоф Бойко орон нутагт хийх анхны айлчлалаа Өвөрхангай аймгаас эхлүүлж байгаадаа сэтгэгдэл өндөр байна хэмээгээд Польш улсын аль нэг муж, хоттой Өвөрхангай аймгийг холбож өгөхөө илэрхийлсэн юм. Манай аймгаас хамтын ажиллагаа тогтоох муж, хотоо сонгон тухайн Засаг захиргааны нэгжтэй харилцан ашигтай ажиллах салбаруудаа тодорхойлсон албан хүсэлтээ Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яаманд хүргүүлэхээр боллоо.
Элчин сайд Кшыштоф Бойко "Өвөрхангайд үйлдвэрлэв" төв, мах, ноосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан ба Хархорин суманд ажиллаж, Эрдэнэзуу, Хархорин музейгээр орлоо.
Холбоотой мэдээ