Хувийн хэвшлийн эмнэлгийнхний саналыг сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-12 19:38:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд хувийн хэвшлийн гурван эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн Н.Ганибал тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон юм. Энэ оны 3 дугаар сарын 1-нээс хувийн эмнэлгүүдийг үйлчлүүлэгчдээс ор хоногийн төлбөр авахыг хориглосон шийдвэр нь хувийн хэвшлийнхэнд тийм ч таатай бус,цаашлаад үйл ажиллагаанд нь нөлөөлж байгааг тэд хэлж байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ-аар эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор саналаа хэлэх болно. Мөн Эрүүл мэндийн сайдтай биечлэн уулзаж энэхүү шийдвэрийн талаар тодруулж, энэ нь орон нутагт хувийн хэвшлийнхэнд хэрхэн хүнд тусч байгаа талаар ярилцах болно” гэв.


Мөн тэрээр цар тахлын хүнд хэцүү цагт төрдөө нэмэлт хүч болон ажиллаж байгаа тэдэнд тусгайлан талархал илэрхийлэн, ажлын амжилт хүсээд эмнэлэг тус бүрт таван ширхэг даралтны аппарат хандивлав.

Оточ болор, Эхэн-Ус, Мижарс эмнэлгүүд нь амбулаторийн үзлэг болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг эмнэлгээр жилд дунджаар 50-500 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн үзлэгт жилд 1000 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Ингэж тэд улсын эмнэлгийн ачааллаас үүрэлцэхээс гадна хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй юм.

 

Холбоотой мэдээ