Г.Болор-Эрдэнэ: Нийт сонгогчийн 10.1 хувь нь огт санал тэмдэглээгүй цагаан хуудас өгсөн

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-10 22:05:34

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт Увс аймагт хэрхэн явагдсан талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнээс тодрууллаа.


-Энэ удаагийн сонгуулиар Увс аймгийн сонгогчдын ирц ямар байв? Нэр дэвшигчид хэдэн хувийн санал авсан бэ?

-2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын дүн энэ сарын 9-ний орой гарлаа. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтаар Увс аймгийн хэмжэээнд 51981 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн. Үүнээс 30523 хүн буюу 58.7 хувь нь саналаа өглөө.

МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийн төлөө 23642, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн төлөө 1040 хүн, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатын төлөө 2678 хүн саналаа өгсөн. Мөн саналын хуудас огт тэмдэглээгүй буюу цагаан хуудас өгсөн хүн 3080 байна. Хувиар нь авч үзвэл У.Хүрэлсүхийн төлөө 77.5 хувь, С.Эрдэнийн төлөө 4.3 хувь, Д.Энхбатын төлөө 8.8 хувь, огт санал тэмдэглээгүй 10.1 хувийг эзэлж байна. Увс аймгийн хувьд ирцдээ хүрч санал өгсөн сонгууль боллоо.

Одоо ихэнх хэсгүүд дүнгээ нэгтгээд техник тоног төхөөрөмжөө хүлээлгэж өгөх ажилдаа орж байна. Энэ сонгуулийн нэг онцлог нь бүх хэсэгт хяналтын гар тооллого явуулсан. Хяналтын тооллогын дүнг санал тоолох машины дүнтэй нэгтгэхэд огт зөрөөгүй учраас сонгуулийг ямар нэгэн асуудалгүй зохион байгуулсан гэж үзэж байна.

-Зөөврийн хайрцгаар хэчнээн хүнээс санал авсан бэ?

-Уг нь 1000 гаруй хүнээс санал авахаар төлөвлөсөн. Хилийн цэргүүдийн саналыг зөөврийн хайрцгаар авах байсан ч застав дээр байгаа цэргүүд өөрт ойрхон хэсгийн хороон дээр биеэр очиж санал өгөх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тул тэр хүмүүс хасагдаж, 780 гаруй хүний саналыг зөөврийн хайрцгаар авсан.

Тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэд, эмнэлгийн ажилчдын судалгааг гаргаж, энэ сарын 8-нд зөөврийн хайрцгаар саналыг нь авсан. Энд 350 гаруй сонгогч саналаа өгсөн байгаа.

-Хэсгийн хороодод ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарсан уу?

-Санал хураах явцад Увс аймгийн 92 хэсгийн хороон дээр техникийн болоод байгаль цаг уурын ямар нэгэн бэрхшээл, саатал гараагүй. Харин 2-3 хэсгийн хороон дээр залгуур шатах гэх мэт жижиг саатал гарсныг тухайн хэсгийн хорооны гишүүд, инженер техникийн ажилтнууд тэр дор нь арилгаж, санал хураалтыг хэвийн үргэлжлүүлсэн.

Мөн саналын хуудсыг буруу бөглөх тохиолдол 2-3 хэсгийн хороон дээр гарсныг хуульд заасан журмын дагуу дахин хуудас олгож, саналыг нь тэмдэглүүлсэн байгаа.

-Сонгуулийг хэчнээн хүний хүчээр зохион байгуулсан бэ?

-Аймаг, сумын сонгуулийн хороо болон хэсгийн хороодод нийт 668 төрийн албан хаагч ажиллалаа. Дээр нь цагдаагийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, технологийн баг, эмнэлгийн ажилчид гэх мэтээр 1100 орчим төрийн албан хаагч энэ удаагийн сонгуулийг Увс аймагт зохион байгууллаа.

Цар тахлын үеийн сонгууль тул бүх хэсэгт халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж ажилласан. Ялангуяа Монгол Улсын Засгийн газрын 152 тоот тогтоолоор баталсан түр журмыг барьж ажиллалаа. Энэ хүрээнд хөдөөгийн багийн хэсгийн хороо буюу санал авах гэрийн гадна майхан татаж, иргэдийн биеийн халууныг хэмжиж байсан. Хэрвээ өндөр халуунтай иргэн ирвэл тэр цэг дээрээ тусгаарлах арга хэмжээ авах зохион байгуулалтыг хийсэн. Гэхдээ санал хураалтын явцад өндөр халуунтай хүн санал өгөхөөр ирсэн тохиолдол гараагүй.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ