Д.Алтаншагай: Аймгийн хэмжээнд 40561 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-07 19:57:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн сонгуулийн хорооны дарга Д.Алтаншагайтай ярилцлаа.


-Аймгийн сонгуулийн хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

- Аймгийн хэмжээнд 40561 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. 70 хэсгийн хороогоор дамжуулж Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авахаар бэлтгэл ажлаа хийлээ. Бид сумдын сонгуулийн хорооны гишүүдтэй 5 удаа цахим хурал хийж, энэ удаагийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн. 

Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн сонгуулийн хорооны гишүүдтэй гурван удаа цахим хурал хийсэн. Монгол Улсын Засгийн газраас болон Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоол, шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх шадар туслах, менежер, ухуулагчийн үнэмлэхүүдийг аймаг, сумын сонгуулийн байгууллагууд тухай бүр нь өгсөн. Сонгуулийн сурталчилгаанд ажиллах тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг аймгийн сонгуулийн хороо өгч байгаа нь сонгууль эрхэлсэн байгууллагуудад жаахан хүндрэлтэй байх шиг байна. Сонгууль эрхэлсэн байгууллагуудад цар тахал өвчинтэй энэ цаг үед хэрхэн сурталчилгаа хийх, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангаж ажиллахыг Засгийн газрын 152-р журмаар зохицуулж байна  

- Сонгуулийн ажилтай холбоотой санал хүсэлт ирж байна уу? Хэрхэн шийдвэрлэж байна вэ?

- Одоогоор аймгийн Сонгуулийн хороонд гомдол, санал ирээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар аймгийн сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн байгууллага болон ажилтантай холбоотой гомдлыг шийдвэрлэнэ гэж заасан. Бусад гомдол мэдээлэл, зөрчлийг хууль, шүүхийн байгууллага шийвэрлэхээр хуульчилсан.

 

-Аймгийн сонгуулийн хороонд тулгамдаж байгаа асуудал байна уу? Томоохон гол мөрөнтэй суманд сонгогчдын санал авахад бэрхшээл тулгардаг. Энэ асуудлыг яаж шийдвэрлэхээр төлөвлөж байна.

- Тулгамдаж байгаа асуудал хэд хэд байна. Гэхдээ бид аль болох дүрэм журмыг баримтлан шийдвэрлээд явж байна. Нэгдүгээрт коронавирусний цар тахалтай холбоотой хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс санал авах, тусгаарлах байранд байгаа сонгогчоос, гэрийн ажиглалтад байгаа сонгогч нараас санал авахад хэсгийн хорооны бие бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх, мөн халдвар хамгааллын дэглэм зөрчих вий гэхээс их болгоомжилж байна. Сонгуулийн байгууллагууд Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмуудыг чанд мөрдөж ажиллана. Сонгогч та халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай гэж зөвлөх байна. Дараагийн асуудал бол цаг агаар, гол үер усны нөхцөл байдлыг харгалзаж аймгийн Онцгой байдлын газартай ярилцаж байгаад Тэшиг, Хутаг-Өндөр суманд нийт 4 хэсэг газар завь ажиллуулж, 16 албан хаагчаар сонгогчдын саналаа өгөх боломжийг ханган ажиллахаар төлөвлөж байгаа.

-Цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ?

-“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын Түр журам батлах тухай 152 дугаар тогтоол 2021 оны 5-р сарын 19-ний өдөр гарсан. Энэ тогтоолоор цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар маш нарийн зааж өгсөн байгаа. Урьдчилан сэргийлэх түр журмын 1 дүгээр хавсралтад сонгуулийг яаж зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах, хэсгийн хороодыг хэрхэн ажиллуулах, зөөврийн хайрцгаар урьдчилан санал хураалтыг яаж авах гэх мэт бүх заавар журмыг заагаад өгчихсөн. Хамгийн наад захын жишээ гэхэд хүн бүр амны хаалт зүүсэн байх, хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх, биеэр хүрэлцэхгүй, гар барихгүй байх гэх мэт маш нарийвчилсан заалтуудыг журамд заасан. Иймээс манай сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороод энэ журмыг маш нарийн баримталж ажиллана.

-Энэ жилийн сонгуулийн онцлог юу вэ?

-Энэ жилийн сонгуулийн онцлог гэвэл санал хураалтын бүх хэсэгт 100 хувь гар тооллого хийнэ. Хэдий санал тоолох төхөөрөмжөөр санал авч байгаа ч гараар давхар тоолох юм. Мөн санал авах байранд санал өгсөн бүх хүмүүсийн хуруун дээр тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн хуулиар нэмэгдсэн эдгээр зүйлсийг хийхээр бид бэлтгэл ажлаа хангасан.

Сонгогч та Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ