Эрчим хүчний дэд сайд “Баянхонгор Эрчим хүч” ХХК-ийн нөхцөл байдалтай танилцлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-05 16:02:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Баянхонгор аймагт ажиллах үеэрээ цахилгаан хангамжийн өнөөгийн байдалтай газар дээр нь танилцаж, нэн тулгамдаж буй засвар болон өргөтгөл шинэчлэлийн ажилд онцгой анхаарахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. 

110/35/6кВ-ын “Баянхонгор” дэд станц нь 6.3 МВА чадал бүхий хоёр трансформатор нийт  12.6 МВА-ын суурилагдсан хүчин чадалтай. “Баянхонгор Эрчим хүч” ХХК нь аймгийн төв болон 13 сумын нийт 14 мянга орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2020 оны өвлийн их ачаалал 11.5  МВА буюу  90 хувь хэт ачаалалд орж  110/6 кВ-ын 2.5 МВА-ын трансформаторыг түр схемээр холбож  хүчин чадлыг нэмэгдүүлэн өвлийн оргил ачааллыг давжээ.

2020-2021 оны өвлийн их ачааллын үед 110/6кВ-ын 2.5 МВА-ын трансформаторууд  чадлын дутагдалд орсон. Иймд 110/10 кВ-ын 10 МВА-ын трансформатораар  өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг газар дээр нь шийдвэрлэв. Тус ажлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хангайн бүсийн салбар хариуцан гүйцэтгэж 2021-2022 оны өвлийн их ачааллаас өмнө бэлэн байдлыг хангахаар боллоо. 

Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй "Шинэ сум" төслийн хүрээнд төвийн цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамж, 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/0.4кВ-ын 100кВА хүчин чадалтай дэд станцыг шинээр барих ажлыг  “Баянхонгор Эрчим хүч” ХХК богино хугацаанд хийж ашиглалтад оруулсан байна. Цаашид аймаг орон нутгийн өсөн нэмэгдэж буй ачаалал, дулааны станцын ажил эхлэхтэй холбоотой одоогийн ашиглаж байгаа 6.3 МВА-ын трансформаторуудыг 16 МВА-ын хоёр трансформатороор сольж, суурилагдсан чадлыг 32 МВА болгосон. Мөн аймгийн төвийн шугам сүлжээг 6-10 кВ хүчдэлийн түвшинд шилжүүлэхэд 13 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгааг танилцуулж, улсын төсөвт суулгах ажлыг судалж үзэхээ Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай илэрхийлэв.

Холбоотой мэдээ