Америкт лалын сүмүүдэд халдах нь эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-22 12:11:06

ВАШИНГТОН. /AP/.  Өнгөрсөн онд АНУ-д лалын сүмүүдийг онилон үйлдсэн гэмт хэргийн тоо эрс өссөнийг судалгаа харуулж байна.

Америкийн лалын харилцааны зөвлөлийн /CAIR/ албаны хүмүүс даваа гарагт хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэхдээ “2015 онд Америк даяар лалынхны эсрэг чиглэсэн 78 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн” гэжээ.

Энэ нь 2009 оноос сүмүүдийг онилсон гэмт хэргүүдийг бүртгэж эхэлснээс хойших хугацаан дахь хамгийн өндөр тоо гэнэ. 2014 онд ийм төрлийн 20 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд энэ тоо бараг 4 дахин өсчээ.

Мөн албаны хүмүүс хэлэхдээ “энэ сарын эхээр Флорида муж улсын Орландо хотын ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт буугаар зэвсэглэсэн этгээд олон хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарснаас хойш лалын шашинтнуудыг хэл амаар доромжилж, тэдний биед халдсан тохиолдлууд олон удаа бүртгэгдсэн” гэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трамп лалынхны эсрэг суртал ухуулга явуулсаар байгааг Америкийн лалын харилцааны зөвлөлийн тэргүүн дурдлаа.

Трамп лалынхныг гадуурхсан утгатай мэдэгдлийг нэг бус удаа хийсэн юм. Флоридагийн халдлагатай холбогдуулан АНУ-д лалынхныг нэвтрүүлэхийг хориглож, лалын сүмүүдийг шалгахыг тэрбээр уриалсан билээ.

Тус зөвлөлийн тэргүүн “АНУ хаашаа явж байна вэ гэдэгт би маш их сэтгэл түгшиж байна” гээд, хэт давруу үзэл болон үзэн ядалтын аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг америкчуудад уриалжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ