Халдварын тархалт зөөвөрлөгдөж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-06-03 13:17:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны зургадугаар сарын 03-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд коронавирусний халдварын 74 тохиолдол илрээд байна.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтагчаас халдварын дөрвөн тохиолдол илэрчээ.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатараас орон нутаг руу зорчих иргэдийн хөл хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн хувьд иргэдийн хөл хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан байдалтай байгаа ч төрийн албан ажлаар болон уул уурхайн бүтээн байгуулалт, бизнес худалдааны зэрэг зорчигчдын тоо нэмэгдэж, хоногтоо 100-200 гаруй иргэн зорчиж байгаа аж.

Халдвар тархаж байгаа шалтгаан нь иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр халдвар зөөвөрлөгдөн тархаж байна гэж албаныхан мэдээллээ.

Дорноговь аймаг 60 гаруй хоногийн турш халдвар гараагүй ногоон бүс байсан. Нөхцөл байдал амаргүй болж байгаатай холбогдуулан босоо тэнхлэг дэх авто замын хөдөлгөөнд илүү хяналт тавьж, хязгаарлалт тогтоож ажиллахаар болсон талаар албаныхан мэдээлэв. 

Холбоотой мэдээ