504 өрхийг ипотекийн зээлд хамруулах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-03 10:20:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Шинэ суурьшлын бүсэд “Шинэ Баянхонгор” орон сууцны хорооллыг байгуулах төслийг эхлүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус төслийг дэмжиж, 504 өрхийг ипотекийн зээлийн нөхцөлөөр орон сууцтай болгох ажлыг баталгаажуулан Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар "Санамж бичиг" байгууллаа.

Монголбанкнаас аймгийн орон сууцны дутагдлыг нөхөх, шинээр ажлын байр бий болгох, орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор ийнхүү хамтран ажиллахаар болсон байна. Санамж бичигт тусгагдсанаар орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас Баянхонгор аймгийн ХААН, Голомт, Хас, Төрийн банканд 2021 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2022 оны тавдугаар сар хүртэл орон нутгийн эх үүсвэр дээр нэмэлтээр хуваарилалтыг хийн санхүүжүүлэх бол төслийг хэрэгжүүлэгч талаас барилгын ажлыг цаг тухайд нь дуусган, борлуулалтыг ипотекийн нөхцөлтэй уялдуулан хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ