Монгол залуусыг Алтайн хязгаарын их сургуулиудад суралцуулах боломжтойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-31 13:05:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн хууль тогтоомж, төрийн байгуулалтын хорооны орлогч дарга Карлин Александр Богдановичтай Элчин сайдын яамны төв байранд энэ сарын 28-ны өдөр уулзав.


Элчин сайд эрхэм сенаторыг Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааны бодит түвшинд хандуулах хүсэв. Мөн Монгол улстай хил залгаа болон ойр дөт оршдог Холбооны субьект, тэдгээрээс ОХУ-ын Холбооны Хурлын дээд, доод  танхимд томилогдон, сонгогдсон сенатор, депутатуудтай ажил хэргийн нягт хэлхээ тогтоох замаар хоёр улсын худалдаа, ялангуяа хил орчмын худалдааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй ажиллаж байгаагаа дурдаж, тодорхой санал дэвшүүллээ.


ОХУ-ын Алтайн хязгаараас ОХУ-ын Холбооны зөвлөлд сенатораар томилогдон ажиллаж буй ноён Карлин А.Б. Холбооны түвшинд болон Монгол Улс, Алтайн хязгаарын хамтын ажиллагааны хүрээнд үр тарианы үйлдвэрлэл, нийлүүлэлт, эрчимжсэн мал аж ахуй, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр ахиц дэвшил гаргахад дэмжлэг олгох бололцоотойгоо тэмдэглэв. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас олгодог тэтгэлгийн квотод хамруулж Монголын оюутан залуусыг Алтайн хязгаарын хөдөө аж ахуй, анагаах ухаан, техникийн их сургуулиудад суралцуулах боломжтойг онцолж, энэхүү сургалт нь шинжлэх ухааны өгөөжтэйгөөс гадна зардал чирэгдэл бага байхаараа давуу талтайг дурдав.


Ноён Карлин А.Б. одоогийн албанд томилогдохын өмнө 13 жилийн туршид Алтайн хязгаарын Амбан захирагчаар ажиллаж байсан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ОХУ-ын тухайн үеийн Засгийн газрын тэргүүн М.Е. Фрадковын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, 2018 онд парламент хоорондын хамтын ажиллагааны шугамаар тус тус манай оронд айлчилж байсан ОХУ-ын төрийн зүтгэлтэн ажээ.

Холбоотой мэдээ