Халдварын эрсдэл буураагүй байгааг анхаарах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-25 17:33:31

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний халдвараас сэргийлэх хатуу хөл хориог сулруулж өндөржүүлсэн түвшинд шилжүүлж байгаа ч иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөхийг аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Учир нь Улиастайд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлж буй иргэдийн амны хаалтын хэрэглээ багасаж, хүн хоорондын зайгаа барихгүй байна. Тиймээс үйл ажиллагаагаа нээж эхэлсэн аж ахуйн нэгжүүд ариутгал халдваргүйтгэлийн дэглэмээ мөрдөж, иргэдэд шаардлага тавихыг сануулж байна.

Мөн аймгийн хэмжээнд дархлаажуулалтын хувь өндөр байгаа ч гэсэн иргэдийг хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлэх, амны хаалтыг байнгын хэрэглээ болгох, гарын ариун цэврээ сайн мөрдөх. Онцын шаардлагагүй бол гадуур сэлгүүцэхгүй байхыг зөвлөж байна.

“Иргэн та вакцины хоёр дахь тунгаа бүрэн авч, үргэлжлүүлэн 14 хоногийг дуустал халдварын эрсдэл буураагүйг анхаарах хэрэгтэй. Зайлшгүй тохиолдолд гадуур гарахдаа заавал амны хаалт зүүх, гар халдваргүйжүүлэгч, нойтон салфетка биедээ байнга авч явах. Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих, олноор бөөгнөрөхгүй байх. Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй, гараа савандаж угаахыг зөвлөж байна. Түүнчлэн дэлгүүр, худалдааны төв, эмийн сан, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах. Амталгаа хийхгүй байх. Олон бараанд хүрэхгүй байх. Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх. Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх. Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх. Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях. Мөн гэрийн нөхцөлд тайван байх, хангалттай унтаж амрах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ өдөр бүр хийх. Хоёр цаг тутамд агааржуулалт хийх, хоолой амаа өдөрт хоёр удаа зайлах. Дархлаагаа дэмжиж, витаминлаг хоол унд хэрэглэх зэрэг зөвлөмжүүдийг даган мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.  Мөн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн газрын 70462146 дугаар болон харьяалагдах орон нутгийнхаа Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандана уу” гэв. 



Холбоотой мэдээ