Булган аймагт маргаашаас зарим үйлчилгээг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-21 19:23:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулж зарим үйлчилгээг маргаашаас эхлэн нээхээр боллоо.

Аймгийн Засаг даргын шийдвэрээр энэ оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагаас эхлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах хуваарийг 09.00-20.00 цагийн хооронд тогтоож, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө. Мөн спорт заал, усан бассейн, бялдаржуулах төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг үйлчилгээний танхим, заалны 50 хүртэл хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулах, зочид буудал, амралтын газруудыг албан ажлаар болон гэр бүлийн хамт яваа иргэдэд мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг хангасан нөхцөлд үйлчилж болохоор шийдвэрлэсэн байна. Бүх төрлийн сургалтын үйл ажиллагааг 10 хүртэл хүнийг хамруулж зохион байгуулахыг зөвшөөрчээ.

Тус аймгаас орох, гарах хүн, авто тээврийн хөдөлгөөнд Улсын онцгой комиссын даргын шийдвэрийг баримтлан зорчих иргэдийн холбогдох бичиг баримтыг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн орон нутагт нэвтрүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ