Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгч 313 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-13 11:43:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Нарантуяатай хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлынх нь талаар ярилцлаа.


- Өмнөговь аймагт хөдөлмөрийн зах зээл ямар байна вэ?

-Өмнөговь аймгийн хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй 313 иргэн ажил хайгч иргэн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 105 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан. Шинэ ажлын байр 175-ыг бүртгэсэн байна. Мэргэжил олгох, мэргэлжийн ур чадвар, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг 70 гаруй иргэн аваад байна. Сул ажлын байрны зар байгууллагуудаас ирдэг. Тухайн мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагуудын вэб сайтууд болон манайх өөрийн цахим хаягаар лайв хэлбэрээр иргэддээ хүргэж ажилладаг. 

- Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?

- Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2021 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулаад таван хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнд цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх, хөдөлмөрт бэлтгэх, ахмад настны зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж гарааны бизнесийг дэмжих гэсэн таван хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ сарын 15-наас залуучууд руу хандсан төсөл зарлана. Мөн төсөл хөтөлбөрүүдээ үе шаттайгаар тухайн үед нь иргэддээ зарлаад явна. 

- Ахмадын зөвлөх үйлчилгээний талаар та тодруулаач?

- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд хамрагдах боломжтой. Зөвлөх үйлчилгээнд нэг жилд 240 цагийн зөвлөх үйлчилгээг үзүүлж манайд тайлан мэдээгээ ирүүлснээр эргэн төлөлтгүй дэмжлэг байдаг. 

- Залуучууд руу чиглэсэн гарааны бизнес дэмжих хөтөлбөрөө тодруулбал?

- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж гарааны бизнесийн нэг шинэлэг санааг 10 сая төгрөгийн эргэн төлөлтгүй дэмждэг. Үүн дээр залуучууд бүлэг болж оролцох боломжтой. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийнхаа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан олон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 40-өөс дээш настай иргэд хамрагдах боломжтой. 

- Эргэн төлөлттэй хөтөлбөрүүдийн буцаан төлөлт хэр байна?

- Тийм ээ, эргэн төлөлтөө иргэд хийхгүй хүндрэлтэй асуудал их гардаг. Энэ жилийн хувьд санхүүжилт өнгөрсөн жилийнхээс 50 хувь буурч ирсэн. Иймд ХХҮГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг томилж урьдчилсан хяналт, судалгаа хийж байгаад үнэхээр санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гэж үзвэл санхүүжилтээ хүргэнэ. Зарим иргэд төсөл хөтөлбөрт хамрагдчихаад тухайн үйлчилгээгээ хийхгүй өөр зүйлд санхүүгээ зарцуулчихсан байдаг. Ингээд эргэн төлөлтөө хийхгүй асуудал гарч байгаа учраас прокурорын байгууллагатай хамтран ажиллаж байна. 

- Төсөл бичиж байгаа иргэддээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үү?

-Аж ахуй эрхлэх гэж байгаа иргэддээ бид сургалтад хамруулдаг. Үүнд төслөө хэрхэн бичих вэ, ашиг орлогоо яаж тооцох, төлөвлөгөөгөө хэрхэн хийх вэ гэх мэт сургалтуудыг явуулдаг. Тэгэхээр дээрх таван төрлийн хөтөлбөрт хармагдах хүсэлтэй иргэд уг сургалтад хамрагдах боломжтой.  

Холбоотой мэдээ