Том Круз “Алтан бөмбөрцөг”-ийн шагналуудаа буцааж өгчээ

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2021-05-11 14:53:29

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмын шагналын эздийг тодруулдаг шүүгчдийн дунд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн уг наадмаас хүртсэн шагналуудаа Холливудын гадаад хэвлэлийн холбоонд (HFPA) буцааж өгчээ.  


Энэ тухай “CNN” телевиз жүжигчинд ойр эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. HFPA нь “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын зохион байгуулагч юм.


Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмаас 1990 онд “Долоодугаар сарын 4-нд төрсөн хүн” (Born on the Fourth of July , 1989) кинонд бүтээсэн ахмад дайчин Рон Ковикийн дүрээр, 1997 онд  "Жерри Магуайр" кинонд бүтээсэн спортын сэтгүүлч Жерри Магуайрын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан бол 2000 онд "Магнолия" (Magnolia, 1999) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах жүжигчнээр тодорч байжээ. 


Өмнө нь “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг жил бүр шууд дамжуулан үзүүлдэг уламжлалтай Америкийн “NBC” телевиз мөн дээрх шалтгаанаар ирэх оны ёслолыг дамжуулахаас татгалзжээ.


HFPA нь 86 сэтгүүлчтэй бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд өнгөт арьстнуудын нэг ч төлөөлөл байхгүй аж. 2022 онд “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолыг ямар телевиз дамжуулах нь одоогоор тодорхойгүй байна.


Үүний зэрэгцээ “Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлснээр, HFPA дотроо шинэчлэл хийх хөтөлбөрийг энэ сард баталжээ.  Тус холбоо өнгөт арьст сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэж, гишүүддээ бэлэг авахыг хориглохоор төлөвлөж байна. Холливудын тэргүүлэгч 100 гаруй PR компаниудын шүүмжлэлийн дараа HFPA шинэчлэл хийхээ амлажээ.


Холбоотой мэдээ