“Спутник Лайт” вакциныг ОХУ-д бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-05-07 10:07:00

МОСКВА. /RT/. Коронавирусний шинэ вакцин болох нэг тунтай "Спутник Лайт"-ыг ОХУ-д бүртгэлээ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ.


“Нэг тунтай уг вакцин дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 28 дахь өдрөөс 79.4 хувийн үр дүн үзүүлсэн. Үр дүнгийн үзүүлэлт нь 80 орчим хувьтай байгаа нь хоёр тун хийлгэх шаардлагатай олон вакцины үр дүнгээс давж буй юм” гэж тус сангийн мэдээлэлд онцолсон байна.   


"Спутник Лайт" вакцины аюулгүй байдал, иммуноген чанарыг судлах нэг, хоёрдугаар үе шатны туршилт энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд завсрын үр дүн гуравдугаар сарын 10-нд бэлэн болжээ.


"Вакцин хийсний дараа 28 дахь өдөр сайн дурынхны 96.9 хувьд нь эсрэгтөрөгчийн өвөрмөц IgG эсрэг биет үүссэн болохыг судалгааны дүн харуулсан. Вирусийг саармагжуулах эсрэг биет дархлаажуулалтын дараах 28 дахь өдөр туршилтад оролцогчдын 91.67 хувьд нь үүссэн" гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.


Тус сангийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатыг хоёрдугаар сарын сүүлчээр эхлүүлжээ. Энэ судалгаанд ОХУ, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Гана болон бусад орны 7 мянган хүн оролцож байгаа бөгөөд завсрын үр дүн нь энэ сард гарах аж.




Холбоотой мэдээ