ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-06 12:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас Монгол Улсаас ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөлтэй зөвлөлдөх цахим уулзалт зохион байгуулав. 


ГХЯ, тус яамны Хөрөнгө оруулалт, судалгааны төв, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран хийсэн тус уулзалтад ХХААХҮЯ, Махны холбоо, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй компанийн төлөөлөл оролцов.

Цахим уулзалтаар ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга  зам, мөн тус улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа бусад улсын туршлагын талаар талууд мэдээлэл солилцов. Махны экспорттой холбоотой анхаарах асуудал, авах арга хэмжээний талаар ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөгчийн хийсэн мэдээлэл дотоодын ААН-үүдэд ач холбогдолтой болсон талаар ГХЯ-наас мэдээллээ.


ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор 2020 оноос Москва дахь ЭСЯ-нд Худалдааны төлөөлөгчийн бүтцийг сэргээсэн ба Владивосток хотод мөн Худалдааны төлөөлөгч ажиллах юм. Худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, энэ хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор экспортын чадамжтай тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ