Ховд аймагт 10 мянга гаруй иргэн дархлаажуулалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-06 12:33:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд иргэдийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажил үргэлжилж байна. 

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээгээр энэ оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 10734 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Үүнээс вакцины эхний тунд 9050, хоёр дахь тунг 1684 иргэн хийлгэсэн аж.

Ийнхүү өссөн дүнгээр нийт 16197 хүнийг дархлаажуулсан. Улмаар дахин 10200 хүн тун вакцин татан авч, бүх сум, өрхийн эмнэлэгт хуваарилсан байна. Өнөөдөр вакцин татан авах ажлын баг дараагийн ээлжийн вакциныг авахаар Улаанбаатар хот руу зорчих бэлтгэлээ хангалаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Одоо ихэвчлэн ахмад настай иргэд вакцины эхний тунг хийлгэж байна.  Жаргалант сумын ЗДТГ-аас иргэдийн судалгааг хоёр насны ангиллаар гаргасан. Үүнд 65-аас дээш насны 1257 иргэн байна. Мөн 50-64 насны 4185 иргэн байгаа аж. 

Эдгээр иргэн өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-д хандаж, тодорхой цэгүүдэд очиж дархлаажуулалтад хамрагдаж байна.   

Тодруулбал: Рашаант ӨЭМТ-д харьяалалтай иргэн хоёрдугаар сургууль

-Жаргалан ӨЭМТ-д харьяалатай иргэн нэгдүгээр сургууль

-Баатархайрхан ӨЭМТ-д харьяалалтай иргэн долоодугаар сургууль

-Бугат ӨЭМТ-д харьяалалтай иргэн зургаадугаар сургууль

-Буянт ӨЭМТ-д харьяалалтай иргэн Прогресс сургууль дээр очиж, тус тус дархлаажуулалтад хамрагдана.

Жаргалант суманд түр оршин сууж буй ахмад настай иргэн тухайн багийн харьяа ӨЭМТ-д бүртгүүлж, дахрлаажуулалтад хамрагдах боломжтой гэж Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ үеэр иргэд коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж, дэглэмийг чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байв.  

Холбоотой мэдээ