Дэлхий дахинд эх баригч эмч нар дутагдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-05 16:30:57

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий дахинд эх баригч эмч, мэргэжилтнүүд дутагдаж байгаа тухай ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, Олон улсын эх баригчдын нийгэмлэгийн хамтарсан илтгэлд дурдав.


“Дэлхий даяар нийт 900 мянган эх баригч эмч дутагдаж буй нь энэ салбарт шаардагдах мэргэжилтнүүдийн гуравны нэг юм. Коронавирусний цар тахал нь эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулж, асуудлыг улам хүндрүүлж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Эмнэлгийн эх барих үйлчилгээг бүрэн хангаснаар 2035 он гэхэд нярайн эндэгдлийг 64 хувиар, жирэмсэн эмэгтэйчүүдийн амиа алдах тохиолдлыг 65 хувиар бууруулж, жилд 4.3 сая хүний амь насыг аврах боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.


Эх барихуйн мэргэжилтнүүд дутагдаж буйг хүйсийн тэгш бус байдалтай холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн энэ салбарт санхүүжилт хангалтгүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагыг чухалчлан авч үзэхгүй байгаа нь гол шалтгаан болж байна. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийг анхаардаг эх баригч эмч нарын үүрэг хариуцлагыг төдийлөн сайн үнэлдэггүй аж. Илтгэлд дурдсанаар, эх баригч мэргэжилтнүүдийн 93 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.


Засгийн газрууд эх баригчдыг дэмжих, санхүүжилтэд нь эн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг илтгэлд цохон тэмдэглэжээ.

 

Холбоотой мэдээ