Энэтхэгт “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа ирэх сард оргил үедээ хүрэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-26 16:21:12

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт “COVID-19” халдварын хоёр дахь давлагаа ирэх тавдугаар сарын дундуур оргил үедээ хүрэх төлөвтэй байгааг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ням гарагт мэдээлжээ.


Ерөнхий сайд Нарендра Моди болон халдварт хамгийн их нэрвэгдээд буй мужуудын тэргүүн сайд нарын хурлын үеэр танилцуулсан урьдчилсан таамаглалд дурдсанаар, Махараштра, Гужарат муж, нийслэл Шинэ Дели хотын дараа хойд нутгийн Уттар Прадеш муж нь халдварын дараагийн голомт болж, өдөрт 190 мянга гаруй тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.


Тийнхүү Энэтхэгт COVID-19”-ийн хоёр дахь давлагаа оргил үедээ хүрэх үед улсын хэмжээнд өдөрт халдварын 500 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 6-7 дугаар сард буурах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд урьдчилан тооцоолжээ.


Хуралд оролцогчид хүн ам шигүү суурьшсан, олон оршин суугчтай мужуудад халдварын эрсдэл өндөр байгааг, мөн урьдчилан таамаглаж буй нөхцөл байдлыг даван туулахад мужуудын эмнэлгийн тогтолцоо хангалтгүй хэмжээнд байгаа талаар хэлэлцжээ. Тухайлбал, Уттар Прадеш мужид өдөрт хүчилтөрөгчийн аппараттай 16752 ор, эрчимт эмчилгээний тасгийн 3061 ор, 1538 амьсгалын аппарат дутагдана хэмээн тооцоолсон байна.


Энэтхэгийн Засгийн газар нөхцөл байдлыг хяналтад авахын тулд орон даяар хөл хорио тогтоохоос татгалзаж буй энэ үед COVID-19” халдварын үзүүлэлтүүд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 349 691 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний тоо 16 960 172-т хүрчээ. Ингэснээр сүүлийн дөрвөн хоног дараалан өдөрт 300 мянгаас дээш тохиолдол илэрчээ.

Холбоотой мэдээ