“Улаанбаатарын яриа хэлэлцээ” Бага хуралд оролцогчдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-06-17 16:46:37

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын III Бага хуралд оролцож байгаа гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус Бага хуралд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж санал солилцдог уламжлалтай. Гурав дахь удаагийн хурлаар ЗХА-ийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, учирч буй сорилт бэрхшээл, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох арга зам,  ЗХА-ийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн талаар талууд анх удаа туршлага солилцлоо.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улс хувь нэмрээ оруулан ажиллахыг зорьж байгааг тэмдэглээд Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар төлөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Энэхүү хурал нь 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо нээгдсэн. Хурлыг Гадаад хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн Бага хуралд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Францын эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Олон Улсын Улаан Загалмайн Хороо, Фридрих Эбертийн Сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, мөн дотоодын төр, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 150 гаруй төлөөлөгч оролцов.

Бага хуралд БНАСАУ-ын ГХЯ-ны Америк судлалын хүрээлэнгийн хэлтсийн дарга Чой Кан Ил, БНСУ-ын Сэжон хүрээлэнгийн дэд захирал Ли Сан Хен, АНУ-ын Жрн Хопкинсын их сургуулийн ахлах судлаач Жени Таун, БНХАУ-ын Олон улс харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Сун Ру, ОХУ-ын ШУА-ийн ахлах судлаач Елена Боекова зэрэг эрдэмтэн судлаачид бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлага, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд өмнө нь ЗХА–ийн орнуудын эмэгтэйпарламентчдын чуулга уулзалт, хотын дарга нарын форум, эрчим хүчний хэлхээ холбоо семинар, Залуучуудын чуулга уулзалт тус тус зохион байгуулагдсан юм.

Холбоотой мэдээ