Эмзэг бүлгийн 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-22 23:06:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрх, 10 гэр цэцэрлэгт монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлнэ.


Үүнд төлбөрийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхүүд хамрагдах юм.


НҮБ-ын Хүүхдийн сан, тус улсын “BGF Retail” ХХК-ийн удирдлагууд “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, “BGF Retail” ХХК-ийн дарга Кён Жун И болон албаны хүмүүс байв.   


CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргаж, орон нутагт ногоон ажлын байр бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.


Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавиад байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл аж.


CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрт  дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ багасаж, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл багасахад хувь нэмэр оруулах юм. Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж.  

 

 

Холбоотой мэдээ