“Apple” компани “iPad Pro” таблетынхаа шинэ загварыг танилцууллаа

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2021-04-21 11:19:26

КУПЕРТИНО. /TASS/. “Apple” компани 11 болон 12.9 инчийн “iPad Pro” таблетынхаа шинэ хувилбаруудыг танилцууллаа. Танилцуулгыг тус компанийн албан ёсны “YouTube” сувгаар хийжээ.


Шинэ таблетууд нь “Mac Mini”, “MacBook Air” болон “MacBook Pro”-той адил хүчирхэг “M1” процессортой болсон байна. Мөн “Thunderbolt” болон “USB4” холбогчоор тоноглогдсон бөгөөд энэ нь хатуу дискийг холбох, өгөгдлийг илүү хурдан дамжуулах боломжтой болгожээ. Түүнчлэн “iPad Pro” нь тав дахь үеийн (5G) сүлжээ дэмждэг байна.


Шинэ загварууд нь өмнөх үеийн “iPad Pro”-гоос 50 хувиар илүү хурдан бөгөөд “Xbox Series”, болон “PlayStation DualSense” геймпадыг дэмждэг болохыг онцолж байна.


Үүнээс гадна, төхөөрөмжүүдэд LiDAR-сканер бүхий систем, гурван камер, 122 градусын өнцөгтэй шинэ хэт өргөн өнцөгт 12 мегапикселийн камер суурилуулжээ. “Center Stage” шинэ функцийн тусламжтайгаар кадр доторх бүх хүмүүст тохирох өнцгийг өөрчилж болох гэнэ. Түүнчлэн 10 мянган мини LED-ээс бүрдэх мини LED дэлгэцийн технологи, Liquid Retina XDR дэлгэц суурилуулжээ.


11 инчийн “iPad Pro”-гийн үнэ 799 ам.доллараас, 12.9 инчийнх нь 1099 ам.доллараас эхлэх аж. Шинэ таблетуудын урьдчилсан захиалга дөрөвдүгээр сарын 30-наас эхэлж, тавдугаар сарын хоёрдугаар хагаст худалдаанд гарна. 


“Apple” компани мөн хөх ягаан өнгийн “iPhone 12” гар утас танилцуулсан байна.



“iPhone 12”, “iPhone 12 mini” загварын гар утаснууд нь шинэ өнгөөр худалдаалагдах бөгөөд ар тал нь шилэн төдийгүй хөнгөн цагаан хүрээтэй байх аж. Ухаалаг гар утасны шинэ хувилбарууд дөрөвдүгээр сарын 30-наас худалдаанд гарна. 


Холбоотой мэдээ