Английн бүх баг Суперлигээс гарч байгаагаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-04-21 09:25:02

ЛОНДОН. /BBC/. Английн хөл бөмбөгийн “Ливерпүүл”, “Арсенал”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”, “Челси” клубүүд Суперлигээс гарлаа. Энэ тухай багуудын хэвлэлийн алба мэдээлэв.


Өмнө нь Английн "Манчестер Сити" клуб Суперлигээс гарч байгаагаа мэдэгдсэн байна. Италийн “Милан”, “Интер” багууд тун удахгүй Суперлигийг орхино гэж тус улсын спортын телевизийн “Sky Sport” сувгийн сэтгүүлч Фабрицио Романо мэдээлжээ.


Европын хөл бөмбөгийн шилдэг 12 клуб Суперлиг тэмцээн зохион байгуулна гэдгээ даваа гарагт зарласан юм. Эдгээр нь Английн "Манчестер Юнайтед", "Манчестер Сити", "Тоттенхэм", "Ливерпуль", "Челси" ба "Арсенал", Испанийн "Барселона", "Атлетико" ба "Реал", Италийн "Милан", "Интер" мөн “Ювентус” юм. Тэд шинэ тэмцээний үүсгэн байгуулагч клубүүдийн тоонд оржээ. Үүсгэн байгуулагч өөр гурван клубийг мөн зарлах ёстой байв.


Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/, Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ болон бусад томоохон холбоод эсэргүүцсэнтэй холбоотойгоор тэмцээнийг үүсгэн байгуулагч клубүүдийн төлөөлөгчид мягмар гарагт цугларч, тэмцээнийг татан буулгах талаар ярилцжээ.


УЕФА, Англи, Испани, Италийн үндэсний хөл бөмбөгийн холбоодын удирдлагууд шинэ тэмцээн үүсгэснийг буруушааж, эдгээр клубийг үндэсний тэмцээнүүд, мөн УЕФА-гийн ивээл дор явагддаг тэмцээнүүдэд оролцогчдын жагсаалтаас хасна гэж мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ