Израил иргэдээсээ заавал амны хаалт зүүхийг шаардахаа больжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-20 09:29:56

ТЕЛЬ-АВИВ. /Business Insider/. Хүн амынхаа тал гаруй хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулаад байгаа Израил улс ням гаргаас эхлэн гадуур явахдаа амны хаалт заавал зүүхийг иргэдээсээ шаардахаа больжээ.


Мэдээж дэлгүүр, худалдааны төвүүд, мөргөлийн газрууд зэрэг олон нийтийн газарт амны хаалтаа заавал зүүх журам хэрэгжсэн хэвээр байгаа ч вакцинаа хамгийн хурдан хэрэглээнд нэвтрүүлж чадсан Израил улсын хувьд ийм зэргийн өөрчлөлт нь коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд ахиц дэвшил гаргаж буйн тод жишээ болж байна.


Гадуур амны хаалтаа зүүх дүрэм журам Израилд нэг жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжсэн. Даваа гарагт тус улс хэвийн гольдрилдоо эргэн орох өөр нэгэн том алхмыг хийсэн байна. Тодруулбал, есдүгээр сараас хойш анх удаа дунд сургуулиудыг нээжээ.


“The New York Times” сонины мэдээлснээр, Израилын хүн амын 60 орчим хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байгаа бол 56 хувь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. Израил нь 9 сая хүн амтай. Үүнээс 16-аас дээш насны иргэдийн 81 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байгаа аж.


Тийнхүү богино хугацаанд вакцинжуулалт үр дүнгээ үзүүлснийг Израилын сэтгүүлч Сэм Сокол тайлбарлахдаа, Израил урьдчилан ихээхэн хэмжээний вакцин хүлээн авснаар ийм нөхцөл байдал бүрдсэн юм гэжээ.

Холбоотой мэдээ