Шинжлэх ухааны нээлттэй хаалганы өдөрлөг сар бүрийн 19-нд болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-04-19 18:01:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы цахим өдөрлөг өнөөдөр боллоо.


Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, “Би хүрээлэнгийн ажилтай танилцсан. Орчин цагийн дэвшилтэт технологи болох байрлалд суурилсан хиймэл оюуны арга технологи, машин сургалт, их өгөгдөл зэргийг хөгжүүлж, вебэд суурилсан газарзүй мэдээллийн систем, зайнаас тандан судлал, хиймэл дагуул, сансрын технологийн хэрэглээг нэмэгдүүлж, сансрын технологид суурилсан бүтээгдэхүүнээр монгол орны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг тандан судлах, байнгын мониторинг хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нэг тэргүүлэх чиглэл болон хөгжих бололцоотой гэж үзэж байна. БШУЯ-наас шинжлэх ухаан, технологийн салбарын хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, менежментийг сайжруулах, салбарын хөгжлийг улсын хөгжлийн суурь нөхцөл, чиглүүлэгч салбар болгоход анхаарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.


Шинжлэх ухааныг сурталчлан, өөрсдийн шинжлэх ухааны нээлт, үр дүнгээ иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн 19-нд зохион байгуулж эхэллээ. Энэхүү өдөрлөг 11 дүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хүрээлэнгүүд ээлжлэн зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ