Коронавируст халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-18 11:31:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1340 хүнд халдвар илэрлээ. Энэ нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.


Шинээр илэрсэн тохиолдлын 1339 нь дотоодын халдвар бол нэг нь зөөвөрлөгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1220, орон нутагт 119 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 21 995 болж байна. Сүүлийн 24 цагт  427 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  11 877 боллоо.   

Түүнчлэн коронавируст халдвартай 3 хүн өчигдөр нас баржээ. Одоогоор коронавируст халдвартай 3202 хүн эмчлүүлж байгаагаас 57 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 231 нь хүнд,  860 нь хүндэвтэр байгаа бол  2054 хүн хөнгөн оноштой байна.

Хатуу хөл хорионы үр дүн хараахан гарах болоогүй байна. Хэдийгээр машины хөдөлгөөн багассан ч, иргэд явганаар зорчих, алхаж очоод айл хэсэх тохиолдол гаргасаар байна. Тиймээс иргэд өөрсдөө хариуцлагатай байхгүй бол эрүүл мэндийн байгууллага, УОК-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгүй болох эрсдэл гарна гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр анхаарууллаа.


Холбоотой мэдээ